КАС-ИЙН ТЭТГЭЛЭГТНҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА | Цуврал 1

КАС-ийн Үндэсний тэтгэлэгтэн Д.Ганхүрэл

Дараах хэл дээр Deutsch

Конрад-Аденауэр-Сангийн (КАС) эрхэм зорилтуудын нэг нь онцгой мэдлэг чадвартай залуучуудад цаашид улс орныхоо улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, урлаг болон бусад салбарт хариуцлага хүлээх чадвартай боловсон хүчин болон бэлтгэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Онцгой мэдлэг чадвартай, бүтээлч залуу хүмүүсийг дэмжих нь ирээдүйд хөрөнгө оруулалт хийж буй үйл хэрэг гэж бид үздэг. КАС нь онцгой мэдлэг чадвартай, нийгмийн манлайлагч залуу монгол боловсон хүчнүүдийн мэргэжлийн хөгжлийг дэмжиж, ХБНГУ-д болон Монгол улсын их, дээд сургуулиудад суралцах тэтгэлэг олгодог.

КАС-ийн үе үеийн тэтгэлэгтнүүдийг танилцуулах энэхүү булангаараа дамжуулан бид олон нийтэд КАС-ийн тэтгэлгийн талаар сурталчилан таниулах зорилготой юм. Энэ удаад КАС-ийн үндэсний тэтгэлтэн алюмни Д.Ганхүрэлтэй хийсэн богино ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Kurzprofil:

  • Овог нэр: Дамбын Ганхүрэл
  • Төрсөн газар болон улс: Улаанбаатар, Монгол улс
  • КАС-ийн тэтгэлгээр суралцаж буй мэргэжил: Хууль Эрх зүй
  • КАС-ийн тэтгэлгээр суралцаж буй сургуулийн нэр: Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль
  • Тэтгэлэгт хамрагдсан хугацаа: 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар
  • Ирээдүйн зорилтот мэргэжил: Эрх зүйн судлаач

КАС-ийн Үндэсний тэтгэлэгт хамрагдсан нь Таны хувь хүний хөгжил болон сурлагын чанарт ямар нөлөө үзүүлсэн бэ?

КАС-аас тэтгэлэг авахаар олон оюутан залуус өрсөлдсөн. Тэдгээрийн дундаас онцгойрч, магадгүй тэтгэлэг авсныхаа хэргийг илүүтэй гаргах боломжтой гэж надад итгэл хүлээлгэсэн болохоор КАС-ийн тэтгэлэгтнээр сонгогдсон байх гэж бодож байна. Энэ итгэлийг дааж явна гэдэг маш том хариуцлага. Итгэлийг алдахгүйн тулд хувь хүнийхээ хөгжилд болон хичээл сурлагатаа илүү хариуцлагатай хандах сэдлийг төрүүлэх болсон. Бодит жишээ дурдахад КАС-ийн тэтгэлэгтэн болохоос өмнөх семистрт сурлагын голч үнэлгээ маань 2.8 (4.0-с) байсан. Харин КАС-ийн тэтгэлэгтэн болсоны дараах семистрын голч үнэлгээ 3.9 (4.0-с) болсон. Энэ дүнгийн өсөлтөд тэтгэлэг шууд нөлөөлсөн гэж би хэлэхгүй ч, сурлагын чанартаа илүү төвлөрч ажиллахад маань илэрхий нөлөө үзүүлсэн гэдгийг хэлж чадна.

Таныг Конрад-Аденауэр-Сантай тэтгэлгээс гадна өөр юу холбодог вэ?

Монгол улсад ардчиллын салхи үлээгээд аль хэдийнээ 25 намрыг элээгээд байна. Гэсэн хэдий ч, их сургуулийн лекцийн танхимд сонссон дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог ардчиллын үзэл хандлага, бүр тухайлбал, парламентат ёс, орон нутгийн удирдлага манай орны хөрсөнд хараахан бүрэн утгаараа цэцэглэж амжаагүй юм болов уу гэсэн хувийн бодолтой явдаг. Эрх зүйн ангийн оюутан миний хувьд дээрх асуудлууд дээр шүүмжлэлтэй ханддаг тул, дурдсан асуудлуудыг засч сайжруулах зорилгоор манай оронд байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулдаг Конрад-Аденауэр-Сангийн зорилготой ижилхэн байр суурьтай байдаг.

Та цаашдын ажил мэргэжлийн карьерээ хэрхэн төсөөлж байна вэ?

Манай орны зарим эрдэмтэд Монгол улсын судалгааны сан бусад хөгжингүй улстай харьцуулахад маш бага байдаг гэж дурдсан байдаг. Үүнийг Монгол улсын хүн ам бага учраас судлаачид тэр хэмжээгээрээ бага байдагтай холбоотой гэж тайлбарлах нь бий. Оюутан миний хувьд бүхий л шинжлэх ухааны салбарт монгол хүний явуулсан, монгол хэл дээрх судалгаа харьцангуй бага байдаг гэдэг дээр санал нийлдэг. Тийм учраас мэргэшсэн судлаачдын тоог нэгээр нэмэхийн тулд сургуулиа төгсөөд Үндсэн хууль болон Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн чиглэлээр мэргэшсэн судлаач болох зорилтыг хувьдаа тавьсан байгаа.

Бидэнтэй сонирхолтой богино яриа өрнүүлсэнд талархал илэрхийлье!

КАС-ийн Үндэсний тэтгэлэгтэн Д.Ганхүрэл

KAS Sur-Place Stipendiat Gankhurel Damba

Харилцах хүн

Dulguun Batmunkh

Төслийн зохицуулагч

Dulguun Batmunkh
утас. +976 11 31 91 35
Хэлүүд: монгол хэл,‎ Deutsch,‎ English