Asset Publisher

улс орнуудын тухай баримт

ОЮУН САНААНЫ ХӨРШҮҮД

нь Dr. Daniel Schmücking, Dulguun Batmunkh

энэтхэгийн ерөнхий сайдын монгол дахь анхны айлчлал

Хятад, Өмнөд Солонгос улсуудын дунд Монгол улс оршиж байна – газрын зураг дээр магадгүй биш ч, Энэтхэгийн Ерөнхий сайдын гадаад айлчлалын төлөвлөгөөн дээр ийнхүү тодхон зурайж, улс төр судлаачдын анхаарлыг татлаа. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015.05.14-16-ны хооронд Хятад улсад айлчилсаныхаа дараагаар Монгол улсад зочилж, 05.18-19-ний хооронд Өмнөд Солонгос улс руу гадаад айлчлалаа үргэлжлүүлсэн юм. Түүний Монгол улсад айлчлах талаарх мэдээлэл түгсэн даруйд хэвлэл мэдээллүүд “Моди яагаад Монгол улсыг онцлон зочлох болов?” гэсэн сэдвийн хүрээнд төрөл бүрийн таамаг дэвшүүлж байлаа.

Asset Publisher

Энэ асуултанд Моди 5-р сарын 6-ны твиттерийн цахим сүлжээгээрээ дамжуулан хариу өгсөн ба тэрээр “Ардчилал болон буддын шашин нь Энэтхэг, Монгол улсуудыг хооронд нь холбож байна – Монгол улс бол бидний оюун санааны нөхөр. (...) Миний бие хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой болон Монгол улсад ардчилал үүсч хөгжсөний мөнгөн ойг тохиолдуулан 5-р сарын 17-нд Монгол улсад айлчлах гэж буйдаа баяртай байна. (...) 5-р сарын 17-нд Монгол Улсын Их Хурлын чуулганд оролцож үг хэлэх завшаан тохиож буйд талархалтай байна. Монгол улсыг бүх салбарт тууштай дэмжин ажиллахаа Энэтхэг улсын нэрийн өмнөөс мэдэгдэж байна” хэмээн тус тус жиргэжээ. Онцлог нь тэрээр эдгээр жиргээнүүдээ англиас гадна монгол хэлнээ буулган, өөрийн сэтгэгдлээ олон нийтэд хүргэсэн байлаа. Түүний гадаад айлчлалын талаар сонирхогчдод Моди өөрийн нийгмийн цахим сүлжээнүүдээрээ дамжуулан газар дээрээс нь цаг тухайд нь шууд мэдээлэл болон өөрийн сэтгэгдлээ хүргэж байв.

Дэлхийд хүн амын тоогоороо хоёрт ордог улсын ерөнхий сайд дэлхийд хүн амаараа тэргүүлэгч улсын жижиг хөрш оронд айлчилж буй энэ үйл явдал яалт ч үгүй анхаарал татах үйл явдал юм. Энэ удаагийн нийтлэлээрээ бид Энэтхэг улсын Ерөнхий сайдын айлчлалын онцлох зүйлс, тэдгээрийн Монгол улсын гадаад болон дотоод бодлогод үзүүлэх нөлөөлөл, түүнчлэн Энэтхэг улсын алсын хараа, цаашдын ашиг сонирхлын талаар дүгнэн өгүүлэхийг зорилоо. Гурван улсыг дамнан зорчсон Модигийн Хятад дахь айлчлалын талаар олон улсын хэвлэл мэдээллүүд ихэд шуугисан бол, Өмнөд Солонгос дахь айлчлалыг нь харьцангуй бага онцолж, Монгол дахь айлчлалынх нь талаар барагтаа нийтлэл бэлтгэгдээгүй нь бидний зүгээс энэхүү нийтлэлийг олон нийтэд хүргэх нэг шалтгаан болсон юм.

Монгол-Энэтхэгийн түүхэн харилцаа

Монгол-Энэтхэгийн харилцаа холбоо олон мянган жилийн өмнөх тэртээх үе рүү эргэн хөтөлнө. Хоёр орны харилцаа холбоог илтгэх хамгийн эртний олдворууд нь Хүннү гүрний үеэс (НТӨ 209 – НТ 93) улбаатай байдаг. Хожим нь Монголд буддын шашин хүчтэй дэлгэрснээр хоёр орны хоорондох хэлхээ улам бэхжсэн ажээ. Нэг шашны нийтлэг үнэт зүйлийн дор нэгдсэн хоёр орны хооронд соёл, боловсрол болон шинжлэх ухааны хэлхээ холбоо гүнзгийрч эхэлжээ. Үүнээс улбаалан Монгол улс Энэтхэг улсыг өөрийн “Оюун санааны хөрш” хэмээн нэгэнтээ тодорхойлсон байдаг.

Хоёр орон албан ёсоор дипломат харилцаа тогтоосноосоо хойш 60 жилийг ардаа үджээ. 1955 онд Монголтой дипломат харилцаа тогтоосноороо Энэтхэг улс социалист блокийн улс орнуудаас гаднах тус улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс болж байжээ. Модигийн Монгол дахь айлчлал нь энэхүү дипломат ойн хүрээнд тохиож байгаагаараа онцлог байлаа. Энэтхэг, Монгол улсууд албан ёсоор дипломат харилцаатай болсноосоо хойш харилцан бие биенээ тууштай дэмжсээр иржээ. Энэтхэгийн хувьд Монгол улсад 1921 оны хувьсгалын дараа өөрийн тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж, олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэн ороход нь тууштай дэмжлэг үзүүлж байсан. Тодруулбал, Энэтхэг улс нь 1961 онд Тайвань болон БНХАУ-ын эсрэг зогсон, Монголыг НҮБ-д гишүүнээр элсэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд нь томоохон дэмжлэг үзүүлж байжээ. Энэ томоохон тусын хариуд Монгол улс 1971 оны Бангладешийн дайнд Энэтхэг улсын талд зогсож байсан байна.

1973 онд хоёр орны анхны хамтарсан тунхаглал батлагдсан бол, 1994 онд Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Энэтхэг улсад айлчлах үеэр хоёр орны хоорондох найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ албан ёсоор байгуулагдаж байжээ. Түүний дараагаар 2001, 2004 болон 2009 онд хоёр орны хамтарсан тунхаглалууд дахин батлагдсан байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагаа худалдаа болон цөмийн эрчим хүчийг иргэний зориулалтаар ашиглах салбаруудаар өргөжин тэлж байна. Монгол улс нүүрс, газрын тос болон уран зэрэг байгалын баялаг ихтэй орныхоо хувьд Энэтхэг улсын сонирхлыг татсаар ирсэн. Харамсалтай нь хоёр орны хоорондох худалдааны салбарт дорвитой ахиц дэвшил гарахгүй байсаар өдийг хүрсэн бөгөөд өнгөрөгч онуудад гарсан тоон өсөлтийн дийлэнхийг нь Энэтхэгийн талын экспорт эзэлж байна. Хоёр орны хоорондох худалдааны хэмжээ 2010 онд 17.4 сая ам. долларт хүрсэн бол, удаах онд 46.7 сая ам. доллар болж өссөн байна. Мөн 2012 онд хоёр орны худалдааны хэмжээ 60.2 сая ам. доллар болж дахин өсөн нэмэгдсэн боловч харин удаах ондоо 35 сая ам. доллар болж буурсан юм. Эдгээр үзүүлэлтүүдийг гадаад худалдааны хүрээнд авч үзвэл төдийлөн өндөр тоо хэмжээ биш гэдгийг Монгол-Хятадын гадаад худалдааны хэмжээ харуулах юм. 2012 онд л гэхэд Монгол-Хятадын гадаад худалдааны хэмжээ 6.2 тэрбум ам. долларт хүрч байсан. Цаашдаа ч энэ тоо идэвхтэй өсөж, 2020 он гэхэд Монгол-Хятадын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам. доллар давах хандлагатай байна.

Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагааны хүрээндэх өөр нэгэн чухал салбар бол батлан хамгаалахын салбар юм. Энэтхэг улс Монгол улсын цэрэг зэвсэглэлийн техникийг шинэчлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж байжээ. 2011 онд Энэтхэгийн Ерөнхийлөгч Патил Монгол улсад айлчлах үеэр байгуулагдсан Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны гэрээний дагуу “Нүүдэлчин заан” хэмээх хоёр орны цэргийн хээрийн сургуулийг амжилттай хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн Энэтхэг улсын батлан хамгаалах хүчин нь Монгол улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын нэг долоо хоногийн хугацаат цэргийн сургуулилтын идэвхтэй оролцогч юм. Энэтхэг, Монгол орнууд иргэний боловсролын салбарт техник, арга зүйн хүрээнд хамтран ажиллахаас гадна, эрчим хүч болон мэдээлэл, харилцаа холбооны боловсролын төвүүдийг шинээр бий болгох хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

1956 онд Энэтхэг дэх Монгол улсын Элчин сайдын яам, 1971 онд Монгол дахь Энэтхэгийн Элчин сайдын яам тус тус байгуулагдсанаас хойш хоёр орны төрийн өндөрлөгүүдийн харилцан айлчлалын цуваа тасраагүй юм. Өнгөрсөн хугацаанд Монголын төрийн өндөрлөгүүдийн дөрөв нь Энэтхэг улсад албан ёсоор айлчилсан бол, Энэтхэгийн талаас гурван Ерөнхийлөгч нь Монгол улсад айлчилж байжээ. Онцлон тэмдэглэхэд, Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж ерөнхийлөгчийн үүрэгт албыг 2009 онд хүлээн авсаныхаа дараах анхны гадаад айлчлалаа Энэтхэг улсаар эхлүүлж байсан юм.

Монгол талын хүлээлт

Хоёр орны хооронд албан ёсоор дипломат харилцаа тогтсоноос хойш 40 гаруй хамтын ажиллагааны санамж бичиг болон гэрээ, хэлэлцээрүүд байгуулагдсан байна. Гэвч газар зүйн алслагдмал байдал болон хоёр орны хоорондох дэд бүтэц сул хөгжсөнтэй холбогдуулан, эдгээрээс цөөн тооны баримт бичгүүд нь л бодит амьдрал дээр биеллээ олжээ.

Ерөнхий сайд Модигийн айчлалын үр дүнд хоёр орны хоорондох олон жилийн найрамдалт харилцаа шинэ түвшинд хүрнэ хэмээн Монголын тал хүлээж байна. Түүний дотор Энэтхэг-Монголын стратегийн иж бүрэн түншлэлийг үүсгэн бий болгож, урд хөршийнхөө нөлөөллийг тэнцвэржүүлэх найдлага Монголын талд байна. “Оюун санааны хөрш”-ийн хэмжээнээс хальж, хамтын ажиллагаагаа илүүтэйгээр хөгжүүлэх боломж бүрэн бий хэмээн Монголын талаас үзэж байна.

Боловсролын салбарт: Энэтхэг улс бол зөвхөн буддын лам хувилгаадын зорин очдог гэгээрлийн орон бус, эгэл жирийн оюутнуудын хувьд ч “боломжийн өртгөөр” мэдээлэл, харилцаа холбоо, анагаах ухаан болон сурган хүмүүжүүлэх ухаанд суралцах боломжийг олгодог орон юм. Модигийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Шижлэх Ухаан, Техникийн Их Сургуулийн дэргэд, Энэтхэг улсаас 20 сая ам. долларын санхүүжилтээр байгуулагдах "Outsourcing center"-н шавыг тавих ёслол болов. Төлөвлөгөө ёсоор мөн удахгүй Энэтхэг-Монголын хамтарсан сургуулийг Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилтээр Монгол улсад байгуулахаар ажиллаж байгаа аж. Тус сургуулийн бүх хичээл нь англи хэл дээр явагдахаас гадна, хинду хэлний хичээл орохоороо бусад сургуулиудаас онцлог аж. Модигийн айлчлалын үр дүнд цаашид Энэтхэг улсад суралцах, монгол тэтгэлэгт оюутнуудын тоог нэмнэ хэмээн Монгол улсын Боловсролын яамнаас найдлага тавьж байна.

Эдийн засгийн салбарт: Монгол улс өнөөгийн нөхцөл байдлынхаа хүрээнд эдийн засгаа дан ганц өөрийн хүчээр урагш түрэн явахад төдийлөн хүч хүрэхгүй нь хэн бүхний нүднээ илхэн юм. Тиймээс Монгол улсын зүгээс өөрийн “Гуравдагч хөрш” хэмээн нэрийддэг орнуудын тоонд багтах Энэтхэг улстай эдийн засгийн хүрээнд хамтын ажиллагаагаа урагшлуулахаар найдлага тавин ажиллаж байна. Монгол улс тус хоёр орны хоорондох дэд бүтцийн хөгжил, ашигт малтмалын олборлолт, мал аж ахуй, эрчим хүч болон мэдээлэл технологийн салбарууд дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх нэгдсэн сан байгуулах хүсэлтэй байна. Хоёр орны хоорондох гадаад худалдааг нэмэгдүүлэх боломжийг нээн илрүүлэх нь Монгол улсын бас нэгэн сонирхол юм.

Аюулгүй байдлын салбарт: Олон арван жилийн турш хамтран ажиллаж буй хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагааны салбарт нэгэн шинэ өнгө төрх нэмэгдэнэ. Учир нь Монгол болон Энэтхэг улсууд кибер-терроризмын салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байна. Монгол улсын хувьд мэдээлэл технологийн “мэргэжилтэн” гэж нэрлэж болох Энэтхэг улсаас суралцах зүйл чамгүй олон бий нь гарцаагүй юм.

Гадаад бодлогын салбарт: Хоёр их хөршийнхөө хэт нөлөөллийг сааруулж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа солонгоруулах зорилттойгоор Монголын талаас Энэтхэг улстай Гурав дахь хөршийн бодлогынхоо хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр эрэлхийлж байна.

Энэтхэг талын хүлээлт

Монгол оронд ардчилсан хувьсгал гарсаны дараах үеэс Энэтхэг улсаас Монгол оронтой харилцаа холбоогоо илүү гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийлсээр иржээ. 1990-2000 онд Монголд суух элчин сайдаар 20-р зууны бурхны шашны тэргүүн их римбүчи нарын нэг томилогдон ажиллаж байсан байна. Өнөө цагт Энэтхэг улсын зүгээс хоёр орны шашин-соёлын нэгдмэл үнэт зүйлсийг нандигнан үзэхээс гадна, стратегийн хувьд ч түншлэлээ улам бэхжүүлэхийг чухалчлах болжээ. Энэ нь тус улсын Хятадын өсөн нэмэгдэж буй глобал ноёрхлыг сааруулах сонирхолтой шууд холбогдоно. Энэтхэг, Монгол улсуудыг буддизм болон ардчиллын үнэт зүйлс холбох ба эдгээр элементүүд нь шууд утгаараа тус хоёр орны Хятадаас ялгарах гол онцлогийг тодорхойлно. Энэтхэгийн Монгол улстай харилцаа холбоогоо эрчимжүүлэх сонирхлыг түүний ази тив дэх ноёрхлын төлөөх Хятадтай өрсөлдөж буйтай нь холбон тайлбарлаж болох юм. Монгол улсын ашигт малтмалын салбар ч энэхүү өрсөлдөөнийн нэг талбар болж байгаа ба өнөөг хүртэл Монгол улсын ашигт малтмалын салбарт Хятад улсаас давсан хүчтэй тоглогч үгүй. Өнгөрсөн хугацаанд тодорхой оролдлогуудыг хийсэн ч, Энэтхэг Монголын хамтын ажиллагаа энэ салбарт төдийлөн ахицгүй байна. Одоогоор илрээд байгаа Монголын хамгийн том нүүрсний орд болох Таван Толгойн олборлолтонд Энэтхэгийн талаас оролцох санаачлага хэдий цухалзаж байсан ч, эцэстээ олборлох эрх Хятадын тал оролцсон олон улсын хөрөнгө оруулалттай компанид шилжсэн билээ. 2009 онд Энэтхэг, Монгол улсууд уран олборлолтын гэрээнд гарын үсэг зурсан ч, өдгөө хүртэл биелэлээ олсон бодит үр дүнгүй байна. Үүний гол учир нь Энэтхэгийн талд бус, Монголын талаас уран олборлолтыг эхлүүлэх үйл явцыг зогсонги байдалд оруулсанд оршиж байна. 2012 онд мөн л Монгол улсад төмөрлөг болон нүүрс олборлох уурхай барих хамтын ажиллагааны гэрээг хоёр орон хамтран байгуулсан боловч тодорхой хэрэгжилт ажиглагдсан зүйлгүй байгаа билээ. Гэвч Энэтхэгийн талаас цаашид Монгол улсад өөрийн ашиг сонирхлын хүрээнд тодорхой хэмжээнд нөлөөллөө өсгөх боломжууд бий хэмээн үзэж байна.

Эдийн засгийн салбарт: Хоёр орны хоорондох худалдаа бүрэн нөөц бололцоогоо ашиглан хөгжиж чадахгүй байна. Энэтхэгийн зүгээс Монголын талд үзүүлэх зээл, тусламжаар хоёр орны эдийн засаг дахь идэвх оролцоо нь хязгаарлагдаж байна. Моди энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд ч Монгол улсад эдийн засгийн томоохон дэмжлэг үзүүлэхээ амлаад буцсан. Эрчим хүчний эрэлт асар ихтэй, өсөн томорч буй Энэтхэг улсын хувьд Монголын байгалын баялаг сонирхлыг нь ирээдүйд татах боломжтой юм. Гэвч энэ нь Хятадын Монгол дахь хүчтэй нөлөөллөөс шалтгаалаад Энэтхэгийн хувьд тийм ч амар биелэгдэх зүйл биш юм. Монголын улс төр, эдийн засаг болон нийгэм дэх Хятадын эсрэг зогсогчид, түүнчлэн Монгол улсын гадаад харилцаагаа төрөлжүүлж, олон талт харилцаагаа хөгжүүлэх сонирхол зэрэг нь Энэтхэгт Монголын эдийн засагт хөлөө олох боломжийг олгох магадлалтай юм. Монгол улсын гадаад худалдааны тэнцвэрийг ажиглавал гадаад худалдаа эрхэлж буй орон бүртэйгээ бараг өөрийн талд алдагдал хүлээж буй тул Энэтхэг улс түүнийх нь хариуд уул уурхайн салбарт нь хөрөнгө оруулахад бэлэн байх шаардлагатай юм. Модигийн айлчлалын үр дүнд хоёр орны уран олборлолтын хүрээн дэх хамтын ажиллагаа хурдацтай шийдэгдэж болох юм. Энэ талын ашиг сонирхол Энэтхэгийн талд бий нь гарцаагүй юм.

Боловсролын салбарт: 2002 болон 2003 онд Энэтхэгийн санхүүжилтээр Монголд хоёр ч соёл урлаг, үйлдвэрлэл болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн боловсролын байгууллагыг бий болгож өгчээ. Модигийн айлчлал тэдгээр байгууллагуудыг шинэчлэн тохижуулах үйл явцыг хурдасгахад, түүнчлэн хоёр орны соёлын харилцаа холбоог улам бэхжүүлэх шинэ бүтцүүдийг бий болгоход тус дөхөм болж болох юм.

Аюулгүй байдлын салбарт: Монгол улс Энэтхэгийн хувьд стратегийн чухал түнш байх бүрэн боломжтой юм. 2001 онд хоёр орны хооронд батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулагдаж байжээ. Түүнээс хойш Монголын зэвсэгт хүчний нэгээхэн хэсэг нь Энэтхэгт бэлтгэгдэж, хоёр орон хэд хэдэн хамтарсан цэргийн сургуулилтыг ч амжилттайгаар гүйцэтгэжээ. Эдгээр үйл ажиллагаануудыг цаашид өргөжүүлэн тэлэх боломж ч тэдэнд бий. Хятад, Орос улсуудын дунд орших Монгол улсын геостратегийн чухал ач холбогдлыг доогуур үнэлж болохгүй юм.

Гадаад бодлогын салбарт: Энэтхэгийн зүгээс Монгол улсыг, тус улсыг НҮБ-ын Аюулгүй байдлын байнгын зөвлөлд элсэхэд дэмжлэг үзүүлэх улс орнуудын нэг байлгах өндөр сонирхолтой. Монголын талын дэмжлэгийг цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үр дүнд улам бэхжүүлж чадна хэмээн тэд үзэж байна. Ази дахь парламентийн ардчилсан засаглал бүхий эдгээр улсуудын хувьд Модигийн айлчлал нь хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэсэн, харилцан ашигтай үйл явдал болсон юм.

Айлчлалын өрнөл болон үр дүн

Энэтхэгийн Ерөнхий сайд Моди ойролцоогоор 24 цагийг Улаанбаатар хотод өнгөрүүлжээ. Энэ богинохон цаг хугацаанд тэрээр чамгүй олон зүйлсийг бүтээгээд буцсан байна. Түүний айлчлалын хөтөлбөр улс төрийн яриа хэлэлцүүлэг, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах үйл явц, мөн боловсрол, шашин болон соёлын арга хэмжээгээр дүүрэн байлаа. Хоёр орны шашны нийтлэг үнэт зүйлсийг айлчлалын үеэр олонтаа тодотгож байв. Тиймдээ ч түүний албан айлчлал нийслэл Улаанбаатар хотын хамгийн том буддын шашны хийд болох Гандан тэгчилэн хийдээс эхэлсэн. Айлчлалын соёлын хөтөлбөрийн хүрээнд Модид зориулан тусгайлан бэсрэг наадам (Монголын үндэсний баяр) болон Монгол-Энэтхэгийн “Art of Living” арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь онцлог байсан бөгөөд Моди тэдгээр үйл ажиллагаанд оролцохдоо огт цааргалалгүй, элгэмсэг дотноор хүлээн авч байсан нь ажиглагдаж байлаа. Тэрээр монгол үндэсний дээл өмсөж, сур харваанд хүч сорин, монгол үндэсний хөгжим хүртэл оролдон үзэж, шашны зан үйлд ёслол төгөлдөр дагалдан оролцож, түүнчлэ н Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой хүртэл селфи буюу өөрөг зураг татуулаад амжсан юм.

Айлчлалын улс төрийн хөтөлбөрийн хүрээнд тэрээр Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Ч. Сайханбилэг, УИХ-ын дарга З. Энхболд нартай уулзсан юм. Түүний улс төрийн айлчлалын оргил нь тус улсын УИХ-ын чуулганд илтгэл сонордуулсан явдал байлаа. Монголын түүхэнд анх удаа гадаад улс орны засгийн газрын тэргүүн, тусгай чуулган хуралдуулан илтгэл тавьсан юм. Моди энэхүү үйл явдлыг “Монголын талаас Энэтхэг улсад үзүүлж буй онцгой хүндэтгэл” хэмээн тэмдэглэсэн байна. Моди айлчлалаараа Монгол улс Энэтхэгийн “Act East Policy” буюу Зүүн зүг рүү чиглэсэн бодлогын бүрэлдэхүүнд багтаж байгаа гэдгийг тодотгосон. Хоёр орон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон энх тунх амьдрах ахуйг сахих үүднээс хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Моди Монголын ардчиллын 25 жилийн ой, Энэтхэг-Монгол улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг талархан тэмдэглэж буйг онцгойлон дурьджээ. Тэрээр ирээдүйд хоёр орны харилцаа улам өргөжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэж байлаа. Тэр дундаа Монгол ардчиллын хөгжил түүнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд тэрээр УИХ-ын танхимд сонордуулсан илтгэлдээ: “Та нар бол манай дэлхийн ардчиллын нэгэн шинэ гэрэл гэгээ” хэмээн тэмдэглэжээ. Моди Монгол улс дахь айчлалынхаа хүрээнд тус улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй чухал мэдэгдэл хийсэн юм. Энэтхэг улсаас Монгол улсын Засгийн газарт 1 тэрбум ам. доллартай тэнцэх зээлийг тус улсын эдийн засгийн чадавх болон дэд бүтцийн хөгжилд зориулан олгохоор болсон байна. Жилийн төсөв нь 4 тэрбум ам. доллар орчимд эргэлддэг Монгол улсын хувьд энэ нь томоохон хэмжээний мөнгөн дүн юм. Түүнчлэн Моди айлчлалынхаа үеэр нийт 14 баримт бичигт гарын үсэг зуржээ:

  1. Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл
  2. Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  3. Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  4. Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ
  5. Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  6. Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  7. Уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  8. Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр
  9. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  10. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яамны Дипломат академи, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Гадаад харилцааны институт хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  11. Хил хамгаалалт, хилийн дэглэм сахиулах, хилийн хяналтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай Монгол Улсын Хууль зүйн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  12. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яам хоорондын санамж бичиг
  13. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг
  14. Бабатрон –II Телекобальт иж бүрдэл багаж, Радио эмчилгээний симуляторын хамт бэлэглэх тухай Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Тата мемориал төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг.

Хятад – Анзааргагүй өнгөрч үл болом асуудал

Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд зочилно гэдэг нь Хятадын талд ч асуудал давхар хөндөгдөж байна гэсэн үг юм. Энэтхэг, Хятад улсууд нь геополитикийн өрсөлдөөн дунд оршиж байдаг. Хятад улс Энэтхэгийн мөнхийн сөргөлдөгч Пакистантай улам ойртон нөхөрлөж буй нь Энэтхэгийн талд тодорхой хардлагыг үүсгээд байна. Харин Хятадын хувьд Энэхэгийн АНУ, Япон болон Вьетнам улсуудтай харилцаагаа улам гүнзгийрүүлж буйд нь төдийлөн таатай хандахгүй байгаа бөгөөд түүнийг Хятадын Өмнөд болон Зүүн тэнгисийн эрэг орчмын газар нутгийн маргаанд оролцуулахгүй байхаар мэрийж байна.

Тиймээс ч Монголын ашигт малтмалын салбарыг овоо хараандаа оруулсан Хятадын хувьд Модигийн айлчлал тайван хараад суух үйл явдал биш байлаа. Хятадын хувьд Монголын ашигт малтмалын салбарт монопол болохоор зэхэж байна. Монгол дахь Энэтхэгийн нөлөөлөл ихсэх нь, Хятад Монголын эдийн засаг болоод улс төр дэх их нөлөөллийг тодорхой хэмжээнд бууруулах нь тодорхой. Энэтхэг, Монгол улсын хоорондох худалдаа Хятадын газар нутгаар дайран өнгөрөх нь тодорхой бөгөөд энэ нь тус улсын хувьд стратегийн чухал давуу талыг бий болгож байна.

ОХУ-ын хувьд харин Модигийн энэхүү айлчлал төдийлөн ач холбогдолтой зүйл биш болов уу. Хятад улстай харьцуулахад Монгол-Оросын эдийн засгийн харилцаа, хамаарал төдийлөн бага юм. Түүнчлэн ОХУ өөрөө байгалын асар их баялагтай улс. Геостратегийн хувьд ОХУ-ын зүгээс Монголыг цаашдаа ч Хятад-Оросын дундах бамбай улс байлгах сонирхолтой байгаа. Иймд ч Монгол улсад Энэтхэгийн тодорхой хэмжээний нөлөөлөл орж ирэх нь Оросын хувьд асуудал болохоор зүйл биш юм.

Дүгнэлт

Модигийн айлчлал тун онцлог байлаа. Хоёр улсын хоорондох нийтлэг ашиг сонирхол болон үнэт зүйлсийг дахин тодотгохын тулд хоёр талын аль аль нь хүчин чармайлт гаргаж байв. Олон тооны баримт бичиг үйлдэгдсэний сацуу, хоёр орны оюун санааны болон соёлын хэлхээ холбоо айлчлалын төв цэг болж байлаа. Энэтхэгийн ерөнхий сайдын айлчлалаас хоёр зүйл олны санаа сэтгэлд тодхон үлдэх байх: Цахим ертөнцөд айлчлалынхаа бүхий л үйл явцыг тухай бүрт нь баримтжуулан үлдээж байсан Модигийн ил тод байдал болон хоёр орны соёл, оюун санааны онцгой харилцаа холбоо. Моди Монголын үндэсний хувцас өмсөн, өөрт нь зориулж тусгайлан зохион байгуулсан бэсрэг наадамд оролцсон нь онцлог байлаа. Энэ мэт бэлэгдлийн чанартай зүйлсээр дүүрэн байсны зэрэгцээ, бодит гэрээ хэлэлцээрүүд ч мөн олноор үйлдэгсэн. Тодотгон хэлбэл, Энэтхэгийн талаас Монголд олгохоор болсон өндөр хэмжээний зээл нь хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэн, стратегийн түншлэлд хүргэх нэгэн хөшүүрэг боллоо. Тиймээс энэхүү айлчлалын үр дүнд хоёр талын аль аль нь сэтгэл хангалуун байж болно. Цаашид эдгээр олон баримт бичиг, шийдвэрүүдийн бодит хэрэгжилт нь хэрхэн явагдахыг, түүнчлэн Энэтхэгийн эдгээр үйлдлүүдэд Хятад улс ямар хариу үйлдэл үзүүлэхийг ажиглах нь сонирхолтой юм.

эзлэх хувь

Asset Publisher

Modi KAS

comment-portlet

Asset Publisher

Энэ цувралын талаар

Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллага нь таван тивийн 70-аад улс оронд өөрийн офистой билээ.

Гадаад улсуудад газар дээр нь ажиллаж байгаа ажилтнууд тус орны эдүгээ онц чухал үйл явдал ба удаан

хугацааны хэтийн төлөвийн талаар шууд мэдээлэл өгнө.

Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллагын вэб хуудсаар үйлчлүүлэгчид „Улс орнуудын тухай тайлан“ буланд

тэдний анализ, цаад шалтгаануудын тухай мэдээлэл ба дүгнэлтүүдийг олж уншиж болно.

 

мэдээлэл захиалга

erscheinungsort

Mongolei Mongolei