Ажилгүйдэл, Ковид-19, эдийн засгийн хүндрэл, ард иргэдийн амьжиргаа зэргийг Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засагт тулгамдаж буй нэн тэргүүний асуудлууд гэж иргэд үзжээ. Өнгөрсөн оны сүүлээр Ковид-19 анх удаа олон нийтийн дунд тархаж, Засгийн газраас хариу арга хэмжээнүүдийг авч ажилласан. Энэхүү бодлого шийдвэртэй иргэд сэтгэл дундуур байгаа нь энэ жилийн судалгааны ерөнхий дүнгээс харж болохоор байна. Түүнчлэн судалгаанд оролцсон иргэдийн 80 гаруй хувь нь Монголын улс төрийн намууд ард иргэдийн санал бодлыг илэрхийлдэггүй гэж хариулжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 48.1-т ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхийг хориглодог. 2021 оны 6-р сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Тиймээс дээрх хэсгийг хасаж нийтлэв.