ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан 2015 онд "Ардчилалд ардчилсан үзэлтнүүд хэрэгтэй" гэсэн уриатайгаар олон үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Энэ уриан дор Монгол дахь КАС-гийн төлөөлөгчийн газраас санаачлан Удирдлагын академитай хамтарч "Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан.
Уг хурлыг нээж Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Герхард Тийдеманн нар үг хэлсэн бөгөөд тэд Монголын ардчилалын цаашдын хөгжилд иргэн бүрийн хүчин чармайлт, идэвхи, оролцоо, улс төрийн тогтолцоо, иргэдийн улс төр, нийгмийн төлөвшил чухал болохыг тэмдэглэж, ардчилал ардчилсан үзэлтэй иргэдийн идэвхитэй оролцоогүйгээр хөгжих боломжгүй гэдгийг онцолсон юм.
Эрдэм шинжилгээний бага хурлаар өнгөрсөн үе, өөрийн түүхээ үнэлж, дүгнэх, орон нутгийн түвшин дэх иргэдийн оролцооны ач холбогдол, улс төр дэх эмэгтэйчүүд болон залуучуудын оролцоо зэрэг ардчиллын олон түвшний асуудлыг хөндсөн илтгэлүүд хэлэлцүүлж, илтгэл тус бүрийн дараа хуралд оролцогчид хэлэлцүүлсэн илтгэлүүдтэй холбоотой өөрсдийн үзэл бодол, санал дүгнэлтээ хэлж нээлттэй ярилсан юм.
Хэлэлцүүлсэн илтгэл болон хэлэлцүүлгийн тэмдэглэлийг Монгол-Герман хэл дээр эмхэтгэн хэвлэж олон нийтийн хүртээл болгож байна. Эмхэтгэл нь иргэдийн идэвхи, оролцоо дээшлэхэд төдийгүй Монголын ардчиллын хөгжилд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.