Хөтөлбөрийн танилцуулга
Конрад-Аденауэр-Сан нь мэргэжлийн сэтгүүл зүйг бэхжүүлэх зорилгоор Улс төрийн сэтгүүл зүйн магистрын хөтөлбөрийг санаачилж, 2019 онд Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуультай хамтран “Улс төрийн мэдээлэл харилцаа"-ны салбар дундын магистрын хөтөлбөрийг нээж, анхны элсэгчдээ хүлээн авсан билээ.
Хөтөлбөр нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар тушаалаар магадлан итгэмжлэгдэж, мэргэжлийн индекс авсан. Өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрийг 32 магистр 3.8 голч дүнгийн дундажтайгаар дүүргэж, төгсөгчдийн 90 гаруй хувь нь хэвлэл мэдээлэл, мэргэжлийн салбартаа түүчээлэн ажиллаж байна. Конрад-Аденауэр-Сангаас олон улсад хэрэгжүүлж буй төслүүдээс эрдмийн зэрэг, мэргэжлийн диплом олгодог академик түвшний санаачилга төдийгүй хөтөлбөрийн төгсөгчдийн хэвлэл мэдээллийн салбартаа амжилттай ажиллаж байгаа үр дүнгийн үзүүлэлтээрээ тэргүүлэгч жишиг хөтөлбөр болон өргөжжээ.
Зорилго
“Олон улсын улс төрийн сэтгүүл зүйн чиг хандлага, стандартыг баримтлан ажиллах, мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлсэн сэтгүүлчдийг магистрын түвшинд бэлтгэх”
Мэргэжлийн улс төрийн сэтгүүл зүй орчин үеийн ардчилсан нийгмийн институтийн салшгүй бүрэлдэхүүн бөгөөд засаглах эрх мэдэл болон иргэний нийгэм хоорондын харилцааг холбогч гол суваг юм. Академик түвшинд үүнийг зөвхөн мэдээлэл дамжуулах хэрэгсэл гэж үзэхгүй, харин улс төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт, олон нийтийн санаа бодолд нөлөөлөгч бие даасан институци хэмээн тодорхойлдог.
Хөтөлбөрийн үндсэн зорилго нь ардчилсан институтийн үйл ажиллагаа, улс төрийн шийдвэр гаргах болон бодлого боловсруулах үйл явцад шүүмжлэлт дүн шинжилгээ хийх чадвартай, мэргэжлийн ёс зүй, чадвар бүхий улс төрийн сэтгүүлч, шинжээчдийг бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрийн агуулга:
Судалгааны магистрын хөтөлбөр нь нийт 32 кредит. Үүнд,
- 19 кредит: Танхимын сургалт (Судалгааны арга зүй, Улс төр судлалын заавал судлах болон сонгон суралцах хичээлүүд, мөн Олон улсын сэтгүүл зүй)
- 4 кредит: Эрдэм шинжилгээний ажил
- 9 кредит: Магистрын судалгааны ажил
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 1,5 жил
Тавигдах шалгуур үзүүлэлтүүд:
- Монгол Улсын иргэн;
- Сэтгүүл зүйн бакалавр (Голч дүн 3.0+);
- Нийгмийн идэвхтэй (нийгэм, хүмүүнлэг сайн дурын ажил);
- Сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн түвшинд ажиллаж, нийгмийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
- КАС-аас зохион байгуулах аливаа сургалт, хурал, үйл ажиллагааг дэмжин ажиллах, оролцох боломжтой байх.
Бүрдүүлэх материал:
- Бакалаврын диплом, хавсралтын хуулбар;
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах үндэслэлийг тодорхойлсон эссэ;
- Их сургуулийн багшийн тодорхойлолт;
- Нийгмийн оролцоог илтгэх тодорхойлолт;
- Одоо эрхэлж буй ажлын газрын тодорхойлолт.
Та дээрх үзүүлэлтүүдийг хангаж байвал өргөдлийн материалуудыг монгол хэл дээр бүрдүүлэн, дараах холбоос руу нэвтрэн бүртгүүлнэ:
https://form.jotform.com/262172032566352
Өргөдөл хүлээн авах хугацаа:
2026 оны 09 дүгээр сарын 03-ны 23:59 цаг
Ярилцлага:
Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд бичиг баримтаа бүрэн бүрдүүлж илгээсэн өргөдөл гаргагчдаас тэнцсэн нэр дэвшигчдийг Конрад-Аденауэр-Сангийн Суурин төлөөлөгчийн газраас ярилцлагад урина.
Хөтөлбөртэй холбоотой асуултыг дараах хаягаар хүлээн авна: Zaya.sengee@kas.de
Хөтөлбөрийн менежер:
С.Ганзаяа
Утас: +976 11 319 135 / 319 136