Asset Publisher
КАС-ийн Олон нийтийн нөлөөллийн хөтөлбөр (KASCAP)
Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр
Asset Publisher
Улс төрийн оролцоог нэмэгдүүлэх- Боломжийг нээх
КАС-ийн Олон нийтийн нөлөөлийн хөтөлбөр (KASCAP) нь Конрад-Аденауэр-Сангийн гол цөм цуврал хөтөлбөрийн нэг юм. Хөтөлбөрийн гол зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төр, нийгмийн харилцаан дахь үүрэг оролцоог дээшлүүлэх замаар нийтийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцох боломжийг нь нэмэгдүүлэх явдал юм. KASCAP хөтөлбөрт улс төрийн оролцоог хийсвэр зорилго гэж бус иргэн бүрийн бодитоор хэрэгжүүлэх ёстой дадал, үйл явц гэж үздэг.
Хүсэл эрмэлзлийг дэмжих, чадавхийг сайжруулах
KASCAP хөтөлбөрт монгол орны аль ч аймаг сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдахад нээлттэй. Тэдгээр иргэд хамгийн гол нь нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа хийх санаа зорилготой, өөрийн гэсэн туршлага үзэл бодолтой, хүсэл тэмүүлэлтэй байна. Тус хөтөлбөрийн хүрээнд улс төрийн үйл явц, тогтолцоог илүү гүнзгий ойлгох, манлайллын ур чадвараа хөгжүүлэх болон өөрсдийн эрх ашиг, дуу хоолойгоо үр дүнтэй илэрхийлж болохуйц, багаар ажиллах орчныг бүрдүүлдэг. Улс төрийн боловсрол, олон нийттэй харилцах ур чадвар, нийтийн эрх ашгийг төлөөлөх тухай сургалтуудыг УИХ-ын гишүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, төрийн захиргааны болон хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд чөлөөт уулзалт, ярилцлага хэлбэрээр хийдэг. Ийнхүү бид онол болон практикийг холбож ажилладаг юм.
Хүндрэл бэрхшээлийг илрүүлж, хариуцлага хүлээх
Тус хөтөлбөрт оролцсоноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг нээлттэй, хоорондоо хэлэлцэх боломж бүрддэг. Ингэснээр цаашид үүнийг засаж сайжруулах шийдлийг гаргах,өөрсдийн зүгээс авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлдог. KASCAP-ын төгсөгчид тодорхой ур чадварыг эзэмшсэнээр нийгэмд чиглэсэн, орон нутагтаа хэрэгжихүйц төсөл хөтөлбөрийг санаачилж, шийдвэр гаргах үйл явцад идэвхитэй оролцдог болж байна. Үүнийг бид тус хөтөлбөрийн гол үр дүн гэж харж байгаа бөгөөд нийтийн шийдвэр гаргагчдад шинэ дуу хоолойг хүргэх нийгмийн бүлгийг идэвхижүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрд өөртөө итгэх тавцан болж хувирч байна.
Хөтөлбөрийн үр нөлөө
KASCAP хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш тасралтгүй хөгжиж, улам бүр тэлсээр байгаа билээ. Хөтөлбөрийн шат бүрээс бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй нэгнээсээ харилцан суралцах, мэргэжил туршлагаа солилцох, багаар хамтран ажиллах сонирхолтой төгсөгч залуус үргэлжлүүлэн, нийгэмдээ эерэг өөрчлөлт гаргахаар нэгдээд байна.Ингэснээр KASCAP нь Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, түүнчлэн ардчилсан оролцоог дэмжих чиглэлээр тогтвортой, үр дүнтэй хувь нэмэр оруулсаар байна.