Einzeltitel

Ногоон хөгжил

Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ

Дэлхий нийтээр ногоон эдийн засгийн хөгжил рүү тэмүүлж буй энэ цагт Монгол улс 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь баримт бичиг болох “Ногоон хөгжлийн бодлого”-оо УИХ-аар баталсан билээ.

Ногоон хөгжлийн бодлого нь Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгохдоо байгаль орчны доройтол, бохирдлоос сэргийлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлж, хүн амын амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн тэгш байдлыг хангахад оршиж байна.

Монголын Байгаль Хамгаалах Иргэний Хөдөлгөөнүүдийн Эвсэлээс эрхлэн гаргадаг “Монголын байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээ” сэдэвт байгаль орчны “Ногоон Од” тайлангийн 7 дахь удаагийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.

Энэ удаагийн дугаарт байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй бодлого, эрх зүйн орчны олон талыг хөндсөн асуудлуудыг авч үзсэн байна. Тайлангийн шинэ дугаараас Та бүхэн Монгол улсын Засгийн газрын 2012-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Байгаль орчныг хамгаалах зорилтын биелэлтийн талаарх дүгнэлт, УИХ-ын 2012, 2013, 2014 оны чуулганаар батлагдсан байгаль орчинд ээлтэй онцлох хууль тогтоомжууд, 2012-2014 онд УИХ-ын гишүүдийн байгаль орчны чиглэлээр хийсэн ажлууд, 2012-2014 оны “Байгалд хамгийн ээлтэй” ба “Байгаль хамгийн халтай” УИХ-ын гишүүд, байгаль орчны “Хамгийн сайн 4 ба хамгийн муу 7” асуудал, үйлдвэр, уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин, нийгэмд үзүүлж буй нөлөөллийн судалгааны үр дүн зэрэг олон талын асуудлыг дэлгэрүүлэн үзэх боломжтой юм.