Asset Publisher

улс орнуудын тухай баримт

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эргэн харж, дүгнэн шинжлэх ажлын эхлэл тавигджээ

СОЦИАЛИСТ НИЙГМИЙН ҮЕИЙН МОНГОЛ ОРОНД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

Монгол орон нь 70 гаруй жилийн турш социалист нийгмийн дарангуйлалд байж, энэ хугацаанд олон мянган хүн улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон гашуун түүхтэй. Өнөөгийн Монгол оронд түүхийн энэхүү цаг үеийг эргэн харж, дүгнэн шинжлэх ажлын эхний алхмууд нэгэнт хэрэгжиж эхлээд байна. Юуны өмнө улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн байр сууринаас харвал тодорхой ажлууд хийгджээ. Жишээлэхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулсан хөшөө дурсгал босгосон, тэдний дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Asset Publisher

Энэхүү мэдээг Др. Даниел Шмюкинг, Рафаэлла Хэлф нар эрхлэн гаргав.

Цаашилбал Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс ардчиллын үйл явц өрнөөд удаагүй байхад байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн зэргийг дурдаж болох юм. Харин цаашид хийх шаардлагатай ажлууд, авч үзэх ёстой асуудлууд нэлээдгүй байна. Юун түрүүн улс төрийн хэлмэгдүүлэлт болж өнгөрсөн түүхэн хугацааг хэт богиносгон авч үзэж байгаа асуудлыг эргэн харах ёстой. Үүнээс гадна гэмт үйлдлийн буруутан нь хэн байв гэдэг асуудал өнөөдрийг хүртэл хөндөгдөхгүй байсаар иржээ. Түүгээр ч үл барам тухайн үеийн эрхтэн дархтнуудыг дахин шүтсэн байдал өнөөг хүртэл хэвээр байгаа нь хачирхалтай. Энэхүү нийтлэлээр бид улс төрийн хэлмэгдүүлэлтэд хандаж буй дээрхи хандлагын цаад учир шалтгаан нь юунд байна, энэ нь Монгол оронд шинэ тутам үүсэн бий болсон ардчилсан нийгэмд ямар хор уршигтай байж болох вэ гэдэгт хариулт өгөхийг зорьлоо.

1924 онд Монгол Улсын шашин, төрийн тэргүүн Богд хаан таалал төгссөнөөр Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) засгийн эрхийг гартаа авсан. 1921 онд өрнөсөн Ардын Хувьсгалын өмнөхөн үүсэн бий болсон тус нам нь тухайн жилдээ дэлхийн хоёр дахь социалист орон болох Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхаглаж, энэ нь 1990 оны ардчилсан хувьсгал өрнөх хүртэл оршин тогтносон түүхтэй. Энэхүү 70 гаруй жил үргэлжилсэн коммунист дэглэмийн үед олон мянган иргэдийг улс төрийн хилс хэрэгт буруутган, улмаар цаазлан хороосон байдаг. Хилс хэрэгт холбогдон, цаазаар авхуулсан иргэдийн тоо ойролцоогоор 35.000 -аас 36.000 байсан гэж үзэж байгаа юм. Харин ямар нэг хэлбэрээр хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн тоог судалгаан дээр үндэслэн 100.000 гаруй гэж тооцоолж байгаа ч үүнээс илүү олон тооны хүн улс төрийн хэргийн золиос болсон байх магадлалтай. Үүнээс үзэхэд 1930-аад оны үед 800.000 хүн амтай байсан Монгол оронд хэлмэгдүүлэлтэд өртөөгүй гэр бүл нэгээхэн бээр ч үгүй гэж дүгнэж болохоор байна.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг үндсэндээ тэр чигээр нь тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсаас (ЗХУ) удирдан, зохион байгуулж, үүнийгээ Монголын улс төрийн өндөр албан тушаалтнуудад дарамт үзүүлэх замаар хэрэгжүүлсэн . Нэн ялангуяа ардын хувьсгалын анхны долоогийн нэг, МАХН-ын үүсгэн байгуулагч, Монгол Улсын ерөнхий сайд асан Х. Чойбалсан нь Сталины нөлөөнд хэт автсан байсан бол түүнийг залгамжилан засгийн эрхийг авсан Ю. Цэдэнбал мөн ялгаагүй Москватай ойр дотно харьцаатай байж иржээ. Ийнхүү ЗХУ нь Монголд өөрийн нөлөөг улам бүр батжуулж, социалист төрийн тогтолцоог бий болгон, улмаар засгийн эрх мэдлээ байнга гартаа байлгахын тулд нийт нийгмийг хамарсан залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулсан юм.

Энэ нь 1922 онд Монгол Улсын анхны Ерөнхий сайд Д. Бодоог цаазаар авснаар эхэлсэн гэж үзэж болно. Энэ үеэс лам хувраг, сурвалжтан ноёд, улс төрийн зүтгэлтнүүдийг хилс хэрэгт буруутгах явдал ихэссэн хэдий ч 1937 онд Бүрэн эрхт онцгой комисс байгуулагдах хүртэл харьцангуй цөөн тооны хүн улс төрийн хилс хэрэгт буруутгагдан, яллан шийтгүүлсэн байдаг. Энэхүү комисс нь 1937 оны 9 сарын 10-нд байгуулагдан, Х. Чойбайлсангаар даргалуулан 1939 оны 4 сарын 22-ыг хүртэл 51 удаа хуралдахдаа нийт 20.000 хүнд цаазаар авах ял, 5.000 илүү хүнд 5-10 жил шоронд хоригдох ял ногдуулж байжээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд хамгийн ихээр өртсөн хүмүүс нь лам нар юм. 1930-аад оны сүүлчээр буюу улс төрийн хэлмэгдүүлэлт ид гаарч байх үед 18.700 тооны лам, хуврагыг баривчилан хорьж, тэднээс 17.000 гаруйг цаазлан хороосон бөгөөд тэднээс үлдсэн хүмүүсийн хувь заяа хэрхсэн талаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдээ баримт алга байна.

Тухайн үед нам, төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улс төрийн энэхүү үйл явцад хариуцлага хүлээх ёстой хүмүүс хүртэл өөрсдөө хилс хэрэгт холбогдон, албан тушаалаасаа огцорч, цаазлан хороогдсон, учир битүүлгээр алга болсон мэдээ баримт бий. Бүрэн эрхт онцгой комисс гэхэд л үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байхдаа улс төр, цэргийн нөлөө бүхий 14 хүнийг Японы тагнуул гэх шалтгаанаар цаазлан хороох шийдвэр гаргасан байдаг. Үнэндээ 1922-оос 1990 оны хооронд нам, төрийн дээд алба тушаал хашиж байсан нийт 33 хүний зөвхөн найм нь л улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөөгүй юм .

Үүний хажуугаар сурвалжтан ноёд, эрдэмтэн зохиолч, бичгийн хүмүүс, төрийн болон цэргийн албан хаагчид, залуучууд, тэр дундаа 1920-иод оны дунд үеэс Герман, Франц зэрэг орнуудад суралцаж байгаад дуудагдан ирсэн оюутнууд гээд нийгэмд шинэлэг үзэл бодол бий болгох боломж бүхий чадварлаг хэсгийг мөн л хоморголон хилс хэрэгт буруутгасан байна. Хилс хэрэгт зөвхөн эдгээр хүмүүсийг өөрсдийг нь буруутгаад зогссонгүй, тэдгээрийн ар гэрийг хяхан хавчиж, нийгмээс тусгаарлан дарамтлан зовоож байлаа.

Энэхүү хэлмэгдүүлэлтийн дүйвээнд Монгол орны соёлын өв, үнэт зүйлс мөнхүү ихээхэн хэмжээгээр үрэгдэж сүйдсэн. Шашны сүм хийдийг нийтэд нь шахуу эвдлэн сүйтгэснээр Монгол урлагийн бүтэээлүүд устан үгүй болсон. Улмаар нүүдэлчин өв уламжлалыг орхигдуулан, 1940-өөд оноос үндэсний бичиг үсгийг халж, крилл үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Үүнээс хойш уйгаржин монгол бичгийг дахин хэрэглээнд нэвтрүүлэх гэсэн хэд хэдэн оролдлого бүтэлгүйтсэн ажээ.

Социалист нийгмийн үед хийгдсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийг эргэн харж, дүгнэн шинжлэх ажлууд

1930-аад оны сүүлч буюу улс төрийн хэлмэгдүүлэлтийн ид үед улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн ард иргэдийн нэр хүндийг сэргээх ажлыг Х. Чойбалсан өөрийн биеэр эхлүүлсэн нь их хачирхалтай. Тэрээр 1939 онд "Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг дахин хянан үзэх" үүрэг бүхий тусгай комисс байгуулах шийдвэр гаргаж, энэхүү комисс нь Дотоод явдлын яамны доод шатны байгууллагуудын алдаатай үйл ажиллагаанаас болж хилс хэрэгт буруутгагдсан 2015 хүнийг цагаатгасан байдаг. Эл комисс нь “улс төрийн хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг дахин хянан үзэх” үүрэг бүхий “тусгай комисс” гэсэн нэртэй байснаас бус цагаатгах гэсэн нэртэй байгаагүй болно. Үүний дараагийн жилүүдэд улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотой хэргийг шүүн таслах онцгой эрх бүхий цорын ганц байгууллага нь энэхүү “цагаатгалын” тусгай комисс байлаа.

Харин Х. Чойбалсангийн үүрэг рольд шүүмжлэлтэй хандах хандлага 1956 онд хуралдсан Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын 20-р Их хурлаас хойш тодорхой илэрч гарч иржээ. Н. С. Хрушев тус их хурлын үеэр болсон хаалттай хуралдаан дээр тавьсан илтгэлдээ Сталины буруутай үйлдлийг илчлэн, Сталиныг дахин шүтэх явдлыг халж хаях эхлэлийг тавьсан юм. Тус их хуралд Монголоос оролцсон төлөөлөгчид тухайн жилийнхээ дөрвөн сард МАХН-ын Их хурлыг зарлан хуралдуулж, 1952 онд таалал төгссөн Х. Чойбалсангийн баримталж байсан Сталиныг дахин шүтэх үзэл баримтлалыг хурцаар шүүмжилцгээсэн байдаг.

Энэхүү үйл явдлаас улбаалан Дотоод Явдлын Яамны дэргэд 1937-оос 1947 оны хооронд улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй холбогдох хэргийг дахин хянах үүрэг бүхий комисс байгуулж байв. Үүнээс хойш жилийн дараа, 1930-аад оны сүүлчээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн хэргийг дахин хянах үүрэг бүхий комисс шинээр байгуулагдаж, нийт 294 хүний хэргийг цагаатгасан байна .

Хэлмэгдүүлэлтэд гар бие оролцож байсан олон тооны хүмүүс тухайн үед төр засгийн, намын өндөр албан тушаалд байсан хийгээд, улс төрийн хилс хэрэгт буруутгах явдал нэгэнт дуусгавар болоогүй үе байсан тул эдгээр комиссуудын үйл ажиллагаа ихэд хязгаарлагдмал байдалтай байсныг дурдах хэрэгтэй. Жишээлэхэд л Намын Төв хорооноос гаргасан шийдвэрийн дагуу комисс нь зөвхөн хар, шар феодал бус, энгийн ард иргэдийн хэргийг цагаатгах боломжтой байв. 1961 оны сүүлчээр комиссыг ахлан ажиллаж байсан Т. Гэндэн 600 хуудас бүхий томоохон хэмжээний тайланг Төв хороонд хүлээлгэн өгч байсан боловч төд удалгүй 1962 оны эхээр комиссын үйл ажиллагааг зогсоон, татан буулгах шийдвэр гаргаж, тус тайланг нууцалсан байдаг .

Энэ үеэс хойш цагаатгалын ажлыг Дээд шүүх, Нийгмийг аюулаас хамгаалах яам хариуцах болсон байна. Цагаатгах ажлыг хариуцсан комисс дахин шинээр байгуулагдаж байсан хэдий ч, тус комисст зөвхөн 1930-аас 1940 оны хооронд хилс хэрэгт холбогдсон нам, төрийн өндөр албан тушаал хашиж байсан иргэдийн хэргийг хянан шалгах үүрэг ногдуулсан байна. Ийнхүү 1939-өөс 1989 оны хооронд нийтдээ ердөө л 2926 хүний хэргийг хянан үзэж цагаатгасан гэдгийг энд бас дурдах нь зүйтэй.

Ю. Цэдэнбалыг засгийн эрхэнд байх хугацаанд улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилсээр ирсэн боловч хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн тоо нэлэнхүйдээ буурсан, мөн хилс хэрэг гэдэг нь илт тодорхой харагдахааргүй хэргүүдийг таслан шүүсэн байдаг. 1964 оноос хойш 'ард иргэдийг төөрөгдүүлсэн, намын үзэл бодлыг эсэргүүцсэн' гэх хэргээр олон тооны сэхээтнүүдийг мөрдөн байцааж, нутаг заан цөлж байв. Ийм маягаар хэрэгт татагдаж байсан хичнээн тооны хүн байж, эдгээр хүмүүсийн хувь заяа хэрхсэн, энэ хэрэгт буруутай этгээд хэн байв гэдэг асуултуудад өнөөг хүртэл хариултгүй байсаар байна. Х. Чойбалсангийн үед улс төрийн хэлмэгдүүлэлт болсныг олон нийтээр хүлээн зөвшөөрсөн хандлагатай байдаг бол 1950-аад оноос хойшхи үеийн улс төрийн хилс хэрэгтэй холбогдох мэдээлэл нийтэд тун ховор байна.

Ардчилсан хувьсгалын дараагаар

Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөхөөс хэдхэн жилийн өмнө ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт буюу перестройкагийн нөлөөгөөр цагаатгалын ажил хариуцсан комисс дахин байгуулагдаж байсан хэдий ч социалист дэглэмийн үеийн хэлмэгдүүлэлтийг эргэн харах, дүгнэн шинжлэх бодит ажлууд үнэн хэрэг дээрээ ардчилсан хувьсгалын дараагаар эрчимтэй хийгдэж эхэлсэн байна.

Одоогийн Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж тухайн үед Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажиллаж байхдаа санаачилснаар, Монгол Улсын төр 1996 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдээс албан ёсоор уучлал хүссэн. Тухайн жилдээ 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Учир нь 1937 оны тус өдөр Бүрэн эрхт онцгой комисс байгуулагдаж байсан байна. Мөн энэ үед Улаанбаатар хотод улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 200 гаруй хөшөө дурсгал, суврага, дурсгалын самбар зэргийг Улаанбаатар хот, хөдөө орон нутаг болон Оросын Холбооны Улсын (ОХУ) Бутовод босгосон, гудамж талбайг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэрээр нэрлэсэн, цаашилбал улс төрийн хэлмэгдүүлэлтийн тодорхой нэг түүхэн цаг үеийг харуулсан баримтат кино, урлагийн болон шинжлэх ухааны бүтээлүүд шинээр бий болсон гээд нэлээдгүй ажлууд хийгдсэн.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эргэн харж, дүгнэн шинжлэх ажлын хүрээнд төрийн зүгээс хийгдсэн нэг чухал алхам бол 1990 оны Ардчилсан хувьсгалын дараахан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулсан явдал юм. Хуучин социалист хэмээгдэж байсан орнуудын дундаас Монголоос өөр оронд ижил төстэй үүрэг, үйл ажиллагаа бүхий байгууллага байхгүй болохыг энд тэмдэглэх нь зүйтэй. Тус байгууллага нь 1922 оноос хойш улс төрийн хэлмэгдүүлтэд өртсөн хүмүүсийн хэргийг дахин хянах үүрэгтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Ингэхдээ улс төрийн хилс хэрэгт буруутгагдсан иргэдэд 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нөхөн төлбөр олгох асуудалд онцлон анхаарч ажилласан байна. Одоогийн байдлаар тус комиссоос хилс хэргээр хэлмэгдсэн 31.000 хүний хэргийг цагаатган, нэр хүндийг нь сэргээгээд байгаа нь албан ёсны тоогоор хилс хэрэгт хэлмэгдэгсдийн 90 гаруй хувийг цагаатган, нэр хүндийг нь сэргээсэн гэсэн үг юм. Тус комисс нь цаазаар авхуулсан хүмүүсийн нэрсийг цуглуулан олон нийтэд хүргэсэн, хэлмэгдэгсдийн түүх, намтарыг хэвлэн нийтлүүлсэн, судалгааны ажлуудыг эрхлэн хэвлүүлсэн гээд улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар олон тооны ажлыг хийж гүйцэтгэсэн хэдий ч мөн л 1937-оос 1939 оны хооронд болсон „Их хэлмэгдүүлэлт“-ийн үеийг түлхүү авч үзсэн байдал ажиглагддаг. Монгол Улсын Засгийн Газраас 1990-ээд оны эхээр ийнхүү дорвитой алхмуудыг хэрэгжүүлж байсан бол өнөөдөр улс төрийн хэлмэгдүүлэлтийг нэг бүрчлэн, нухацтай авч үзэж, дүн шинжилгээ хийх улс төрийн хүсэл зорилго байхгүй болсон гэж дүгнэж болохоор харагдаж байна.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг хянан үзэх, дүгнэн шинжлэх ажилд учирч буй асуудлууд

Энэ ажилд учирч буй олон асуудлуудаас жишээлэн дурдахад Цагаатгалын комисс, судалгааны ажил эрхэлж буй байгууллага, хувь хүмүүсиийн аль аль нь архивт хадгалагдан буй материалтай, тэр дундаа Ю. Цэдэнбалын засгийн эрх барьж байсан үеийн баримт бичигтэй танилцах боломжгүй байгаа явдал юм. 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль нь өнөөгийн цагаатгалын комиссын үйл ажиллагааны эрх зүйн үндсэн бичиг баримт болж байгаа юм. Тус хуулийн төсөл нь анхандаа хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байхаар төлөвлөгдөж байжээ. Тухайн үед МАХН-ын зүгээс хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийг хасвал хуулийг дэмжинэ гэсэн байр суурьтай байсан тул Ардчилсан Нам уг саналыг хүлээн авсанаар тус хууль парламентаар батлагдах нөхцөл бүрдэж байжээ. Хуулийн төслийн хоёрдугаар хэсэгт одоогоороо МАХН-ын мэдэлд буй намын архивыг улсад шилжүүлэх тухай заалт багтаж байсан тул хууль батлагдсанаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн талаарх олон тооны архивын мэдээлэл улсын мэдэлд шилжихээр байв. Ийнхүү өнөөг хүртэл МАХН-ын архив, Тагнуулын газрын архив, ОХУ-ын холбогдох архивууд үүд хаалгаа бүрэн гүйцэд нээгээгүй байгааг дурдах нь зүйтэй юм. Үүнээс шалтгаалан улс төрийн хэлмэгдүүлэлтийг судлах судлалгааны ажил гол төлөв 1940 оны эхэн хүртэлх материалиуд дээр төвлөрч байна.

Нөгөө талаас улс төрийн хэлмэгдүүлэлтийг эргэн харах, дүгнэн шинжлэх ажилд гар бие оролцох гэсэн иргэдийн санал санаачилга ямар их бэрхшээлтэй тулгарч байгааг „Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбоо“-ны үйл ажиллагааны жишээн дээр харж болох юм. Тус холбоо нь 1991 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн ард иргэдийн сонирхлын төлөөлөл болж ирсэн. Холбооны гишүүдийн ихэнх нь улс төрийн хэлмэгдүүлэлтийг өөрийн биеэр амссан, эсвэл хамаатан садан нь улс төрийн хилс хэрэг буруутгагдаж байсан хүмүүс байдаг. Тус холбоо нь санхүүжилт байхгүйн улмааас улс төрийн хилс хэргүүдийн талаар бие даан судалгаа явуулах боломжгүй байсаар ирсэн байна. Тус байгууллага нь улс төрд оролцон, улс төрийн хэлмэгдүүлэлтийг “ард түмнийг хоморголон устгасан гэмт хэрэг буюу геноцид” байсныг албан ёсоор зөвшөөрүүлэх чиглэлээр илүү хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн бөгөөд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх болсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг илүү чухалчлан үзэх ёстой гэсэн байр суурьтай байдаг ажээ.

Үүний сацуу Цагаатгалын комиссын дэргэд Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгаанын төв хэмээх төрийн байгууллага байгуулагдан, үйл ажиллагаа явуулж эхэлсэн хэдий ч санхүүжилт байхгүй гэсэн албан ёсны үндэслэлээр хэдхэн жилийн дараа үйл ажиллагаа нь зогссон. Гэтэл тус байгууллага нь үйл ажиллагаа явуулах ахархан хугацаандаа 20.000 гаруй иргэдийн хэргийг хянан шалгаж, цагаатгалын ажилд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдах нь зүйн хэрэг биз ээ. Одоогийн байдлаар тус төвд ажиллаж байсан цөөн тооны эрдэмтэн, судлаачид Цагаатгалын комисст шууд харьяалагдан ажиллаж байна. Хэргийг нь хянан үзэж цагаатгагдсан иргэдийн тоо энэ үеэс эрс буурсан бөгөөд үүнийг даган нөхөх олговор бараг олгогдоогүй. Иймээс ч Засгийн Газар жил бүрийн тайландаа цагаатгалын нөхөх олговорын талаар ямар нэгэн өөрчлөлт гараагүй гэсэн тайлбарыг бичсээр өнөөдрийг хүрсэн байна.

Ийнхүү улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар хувь хүн, иргэдийн зүгээс, мөн төрийн зүгээс эрдэм шинжилгээ, судалгааны чанартай, эсвэл энэхүү үйлдлийг дүгнэн шинжилсэн ямар нэг ажил хийгдэхгүй зогсонги байдалтай байна. 1998 оны Цагаатгалын тухай хуулиар улс төрийн хэлмэгдүүлэлтийг эргэн харж, дүгнэн шинжлэх ажил дууссан гэж үзэх хандлага эндээс мөн ажиглагдаж байгаа юм.

Нэгэнт улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар олон нийтийг хамарсан өргөн хүрээтэй маргаан хэлэлцүүлэг явуулж байгаагүй учир улс төрийн хэлмэгдүүлэлтийг эргэн харах, дүгнэн шинжлэх ажлыг зөвхөн хилс хэргээр буруутгагдсан, цаазлан хороогдсон иргэдийн нэр төрийг сэргээх, цагаатгах ажлаар хязгаарлан гэм буруутай этгээдүүд, гэмт үйлдлийн эзэд нь хэн байсан гэдэг асуудлыг орхигдуудсан. Мөн гэмт буруутай этгээдүүдийг шүүхэд татах, хариуцлага ногдуулах нь бүү хэл гэмт үйлдлийг буруушаан эсэргүүцсэн байдал байхгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Судлаачид гэхэд л гол төлөв хилс хэрэгт хэлмэгдэгсдэд анхаарлаа хандуулж, гэм буруутай этгээдүүдийн асуудлыг авч үзэхээс зайлсхийж ирсэн байна. Ихэнх хүмүүс улс төрийн хэлмэгдүүлэлтэд ЗХУ-ыг буруутгах хандлагатай байдаг. Гэтэл 1993 онд хүчин төгөлдөр болсон хоёр орны гэрээний үзэл санааны дагуу ОХУ нь ЗХУ-ын үед Монголын ард иргэдэд учруулсан аливаа гэмт хэргийн буруутан болж хариуцлага хүлээхгүй хэмээн зохицуулсан байдаг ажээ.

Гүйцэд хийгдээгүй ажлын хор уршиг

Олон нийтийн хувьд улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар мэдээлэл олж авахад маш хүндрэлтэй байна. Үндэсний түүхийн музейд гэхэд л улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар ганц шилэн хорго дүүрэн үзмэрээс өөр зүйл байдаггүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей нь Монгол Улсын ерөнхий сайд агсан Гэндэнгийн гэр музейд байрлах бөгөөд түүний үр ач нар үйл ажиллагааг нь хувиараа санхүүжүүлэн явуулж байна. Тус музей нь холбогдох төрийн байгууллагууудтай олон жил ярилцсаны үр дүнд музейн нурах шахсан байрыг засварлах шийдвэрт хүрч, 2017 оны сүүлч хүртэл үйл ажиллагаа нь түр зогссон. Харин музейн мэдээллийн цар хүрээ бага, музейг үзэхээр сонирхон очих хүмүүсийн тоо маш цөөн гэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй. Энэ болон бусад шалтгааны улмаас хүн амын дунд болж өнгөрсөн гэмт үйлдлийн талаар тодорхой мэдээлэл байхгүй хэвээр байна. Иймээс ч Монголчууд өнөөдрийг хүртэл коммунист нийгэмд ард иргэдийг хэлмэгдүүлэн, тэднийг болон хамаатан садныг нь зовлон шаналалд учруулсан гэм буруутай этгээдүүд хэн байв гэдгийг мэдэхгүй байсаар байгаа юм.

Монгол Улсын Засгийн Газраас энэ асуудал дээр хоёрдмол байр суурьтай байсаар ирсэн. Засгийн Газраас Улс төрийн хэлмэгдүүлэлтийн гол буруутнуудыг албан ёсоор зэмлэн буруушаахаас илүүтэйгээр тэднийг хайцаалан, “ЗХУ-ын гар хөл болсон эдгээр хүмүүс ийм үйлдэл хийхээс өөр аргагүй байсан“ хэмээн тэдний үйлдлийг зөвтгөх хандлагатай байсаар иржээ. Нэг талаас авч үзвэл 1990-ээд оны эхээр Сталин болон Лениний хөшөөг буулган, 2012 онд уг хөшөөг буулгасны 20 жилийн ойн баяраар Улаанбаатарын хотын дарга, нийслэлийн захирагч Э. Бат-Үүл Лениний баримталж байсан үзэл бодол нь 30.000 хүний үхлийн шалтгаан болсон, үүгээр ч түүний хөшөөг авч хаях бүрэн үндэслэлтэй хэмээн албан ёсны байр суурь илэрхийлж байсан хэдий ч нөгөө талаас авч үзвэл бусад коммунист удирдагчдын хөшөө дурсгал олон арваараа нийслэл Улаанбаатар, хөдөө орон нутагт байсаар байгаа билээ. Х. Чойбалсанг „Монголын Сталин“ байсан гэж нэрийддэг ч өнөөдрийг хүртэл түүний хөшөө МУИС-ийн өмнө сүндэрлэн, түүний нэрээр нэрлэгдсэн аймгийн төв хүртэл байсаар байна .

Ю. Цэдэнбалын талаархи ойлголт бүр ч муу байгааг дурдах нь зүйтэй. 1984 онд албан тушаалаас огцорсон тэрбээр Оросод амьдарч байсан бөгөөд тухайн үеийн Орос оронд өрнөсөн өөрчлөн байгуулалт буюу перестройкагийн нөлөөгөөр шүүмжлэлд өртөж, 1988 онд намаас хөөгдөж, бүх цол хэргэмээ хураалгуулсан байдаг. Гэвч 1995 онд буюу түүнийг таалал төгссөнөөс хойш дөрвөн жилийн дараа энэхүү шийдвэрийг цуцалж, бүх хэргэм зэргийг буцаан олгохоор шийдвэрлэсэж мөн энэ үед Ю. Цэдэнбалд зориулсан хөшөөг Улсын Драмын Эрдмийн Театрын өмнө босгосон нь өнөөг хүртэл байсаар байна. Мөн Ю. Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр 2016 оны 9 сарын 17-нд албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлсэн . Энэ үеэр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгон , ОХУ-д амьдарч буй түүний хүүг албан ёсоор Монгол Улсын иргэний харьяалалтай болгон , Үндэсний түүхийн музейд түүний тухай үзэсгэлэнг зохион байгуулж байлаа. Энэ үеэр Ю. Цэдэнбалын бий болгосон бүтээн байгуулалтыг тэнгэрт тултал магтсан атлаа , улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар огт дурдаагүй өнгөрсөн байдаг.

Засгийн газрын албан ёсны байр суурь нь Ю. Цэдэнбалын үүрэг ролийг ийнхүү сайшаасан шинжтэй, улс төрийн хэлмэгдүүлэлтийг эргэн харах, дүгнэн шинжлэх ажлыг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй, үүнээс улбаалан ул суурьтай бүрэн гүйцэд мэдээлэл байхгүйн улмаас коммунист нийгмийн талаар нэг мөр ойлголт үгүй болсон төдийгүй, энэхүү нийгмийн талаар эерэг ойлголт бий болоход хүргэж байна. Жишээлэхэд Монгол оронд социалист ардчиллыг бүтээн босгосон, хэлмэгдүүлэлтийг эргэн харах, дүгнэн шинжлэх ажлыг эхлүүлсэн хүн нь Ю. Цэдэнбал байсан мэт ярьж бичицгээх нь элбэг байна.

Энэ нь шинэ төдий оршин тогтнож буй ардчилсан нийгэмд маш хор уршигтай байх нь дамжиггүй. Учир нь Монгол талаас улс төрийн хэлмэгдүүлэлтийн буруутан хэн байв гэдгийг тогтоох, гэм буруутай этгээдүүдийг яллан шийтгэхэд бэрхшээлтэй болно гэсэн үг юм. Тухайн үед эрх мэдлийг дангаараа атгаж байсан МАХН гэхэд л өнөөдөр МАН гэсэн нэртэйгээр УИХ-д төлөөлөлтэй үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд тус намын оролцоо ямар байсныг одоог хүртэл тодорхой болгоогүй, нам нь өөрөө тухайн үеийн улс төрийн золиос байсан хэмээн өөрийн үүрэг ролийг хэт жижигрүүлэн үзэх хандлагатай байна. МАН-ын зүгээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдээс өнөөг хүртэл албан ёсоор уучлал хүсээгүй байдаг. Энэ нь тэдний үйл ажиллагаанд огтхон ч муугаар нөлөөлөөгүйг тус нам 1990 болон 1992 онуудад явагдсан УИХ-ын сонгуульд олонхийн саналыг авснаар харагдаж байгаа юм. Үүнээс хойш МАН нь сонгуульд удаа дараа ялалт байгуулж, Засгийн Газар байгуулах эрхтэй болж байсан төдийгүй тус намаас нэр дэвшсэн хүмүүс мөн л удаа дараалан ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Өнөөдөр гэхэд л тус нам төр барьж байгаа билээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эргэн харах, дүгнэн шинжлэх үйл ажиллагаа ийнхүү бүрэн гүйцэд хэрэгжээгүйгээс ард түмний зүгээс ардчиллыг үнэлэх үнэлгээнд муугаар нөлөөлөх хор уршигтай. “Сант Марал” сангаас жил бүр эрхлэн гаргадаг Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын судалгааны мэдээллээс авч үзвэл 2016 онд судалгаанд оролцсон нийт иргэдийн 40 хувь нь ерөнхийлөгч сайн байвал олон нам байх шаардлагагүй гэж үзсэн байгаа бол судалгаанд оролцогчдын 30 хувь нь зарим тохиолдолд диктатур ардчилсан нийгмээс илүү гэж үзсэн байна .

Иргэний нийгэм, судалгааны байгууллагаас хийгдэж байгаа соён гэгээрүүлэх ажлууд ард иргэдэд хүрч чадахгүй байгаа нь эндээс харагдаж байна. Коммунист дэглэмийн үед юу болж өнгөрсөн талаархи бодит мэдээлэл ард иргэдэд хүрэхгүй байгаагаас тухайн үед хэлмэгдүүлэлтийг биеэр амссан ахмадуудаас эхлүүлээд, боловсролын тогтолцоогоор дамжуулан мэдээлэл авах боломжтой залуучууд хүртэл аль аль нь энэ талаар огт мэдээлэлгүй, ойлголтгүй байгаа юм. Улмаар ихэнх хүмүүс улс төрийн хэлмэгдүүлэлт болсон гэдэгт үл итгэсэн байдалтай эсвэл энэ нь зөв зүйтэй алхам байсан гэсэн байр суурьтай байна.

Дүгнэлт

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эргэн харах, дүгнэн шинжлэх ажилд ардчилсан хувьсгал өрнөснөөс хойшхи 27 жилийн хугацаанд нилээд ахиц гарчээ. Хэдий ийм ч олон тооны асуултууд хариултгүй хэвээр байна. Энэ дунд хамгийн чухал бөгөөд шийдэхэд хүндрэлтэй асуудал бол гэмт буруутан нь хэн байв, тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ гэсэн асуулт юм. Эдгээр асуултын хариуг олохын тулд цаашид судалгааны ажлыг эрчимжүүлэх, юуны өмнө архивт чөлөөтэй нэвтрэх боломж бий болгох шаардлага зүй ёсоор бий болж байгаа юм.

Ингэснээрээ хувь хүний, МАХН-ын, ЗХУ-ын зүгээс үйлдсэн гэм бурууг тогтоох боломжтой болно. Үүнтэй уялдуулан өнгөрсөн үеийн тухай олон нийтийг хамарсан нээлттэй ярилцлага явуулах хэрэгтэй юм. Үүгээр ардчилсан нийгмийн давуу талыг ард иргэдэд илүү сайн ойлгуулах боломж бий болно. Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулах ажлыг 1990 оны эсэргүүцлийн хөдөлгөөөнөөс төрөн гарсан Ардчилсан нам хариуцаж болох юм. Өнөөг хүртэл МАХН-ын өнгөрсөн үеийн алдаа оноог шүүн хэлэлцэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийг дүгнэн шинжлэх ажлыг дорвитой хэрэгжүүлэх тал дээр Ардчилсан намын зүгээс алдаатай хандсан зүйлүүд байна. Ардчилсан нам засгийн эрхэнд байх үедээ дээрх ажлыг эрчимжүүлэх бүрэн боломжтой байсан. Жишээлэхэд тухайн үеийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг иргэний нийгмийн, хараат бус комисс болгон өөрчлөх боломж байсан юм.

Тус комиссын үйл ажиллагаа, зохион байгуулалтын тал дээр Германд байдаг Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын аюулаас хамгаалах яамны бичиг баримтыг хянан шалгах комиссын үйл ажиллагаанаас харж, жишээ авч болох талтай. Энэхүү байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан Роланд Ян байгууллагынхаа үйл ажиллагааны мөн чанарын тухайд „Бид бурангуй дэглэмийг илүү сайн ойлгох тусмаа ардчилалыг илүү сайн төлөвшүүлж чадна“ гэж хэлсэн байдаг. Ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш даруй 27 жил өнгөрсөн ч энэ үг Монгол орны хувьд утгаа алдаагүй байна гэдгийг энд тэмдэглэмээр байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эргэн харж, дүгнэн шинжлэх ажил дуусаагүй. Энэ ажлыг цаашид нийгмийг хамруулан өргөн хэмжээний үйл явц болгон зохион байгуулах зайлшгүй шаардлага байна.

эзлэх хувь

Asset Publisher

Museum der Politisch Verfolgten Mongolei

comment-portlet

Asset Publisher

Энэ цувралын талаар

Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллага нь таван тивийн 70-аад улс оронд өөрийн офистой билээ.

Гадаад улсуудад газар дээр нь ажиллаж байгаа ажилтнууд тус орны эдүгээ онц чухал үйл явдал ба удаан

хугацааны хэтийн төлөвийн талаар шууд мэдээлэл өгнө.

Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллагын вэб хуудсаар үйлчлүүлэгчид „Улс орнуудын тухай тайлан“ буланд

тэдний анализ, цаад шалтгаануудын тухай мэдээлэл ба дүгнэлтүүдийг олж уншиж болно.

 

мэдээлэл захиалга

erscheinungsort

Mongolei Mongolei