Asset Publisher

улс орнуудын тухай баримт

МОНГОЛ АРДЫН НАМЫН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ

нь Dr. Daniel Schmücking, Dulguun Batmunkh

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ

2016 оны 6 дугаар сарын 29-нд монголчууд шинэ Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээ сонголоо. 1992 оноос хойш Монгол Улсын Их Хурлын сонгууль ийнхүү долоо дахь удаагаа ардчилсан зарчмын дагуу явагдлаа. Энэ удаагийн сонгууль хуучин төрийн эрх баригч коммунист нам болох Монгол Ардын Намын үнэмлэхүй ялалтаар өндөрлөв.

Asset Publisher

Улс орны тайлангийн энэ удаагийн дугаараараа бид 2016 оны Улсын Их Хурлын (УИХ) сонгуулийн үйл явцын талаар өгүүлэхийн зэрэгцээ сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг шинжлэн дүгнэв. Тус тайлангийн сүүл хэсэгт сонгуулийн дүнг тайлбарлахаас гадна, уг сонгуулийн үр дүн ардчилсан Монгол Улсын улс төр, нийгэм болон эдийн засгийн цаашдын хөгжилд ямар нөлөө үзүүлэх талаарх асуудлыг хөндсөн болно.

Сонгуулийн өмнөх нөхцөл байдал

Тоглоомын шинэ дүрэм

УИХ-ын сонгууль 2012 онд анх удаа пропорциональ болон мажоритар системийг хослуулсан хэлбэрээр явагдсан. Үүний дагуу 28 гишүүн намын жагсаалтаар, 48 гишүүн сонгуулийн тойргоос сонгогдсон. Харин энэ жилийн сонгуулиас өмнөхөн буюу 2016 оны 4 дүгээр сарын 21-нд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ) намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хуулийг зөрчиж буй хэрэг гэж тогтоосон бөгөөд тус тогтолцоо нь өөрсдийн төлөөлөгчдөө шууд сонгох иргэдийн эрхийг зөрчиж байна хэмээн тайлбарлав. Ингээд сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 5-нд ҮХЦ эцсийн шийдвэрээ гаргаж, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой болов. Хамгийн жигтэй нь ҮХЦ 2012 оны сонгуулийн үеэр өмнөх сонгуулийн системийг Үндсэн хууль зөрчсөн талаар огт хөндөөгүй юм. ҮХЦ-ийн энэхүү шийдвэр Улсын Их Хурлын олонхыг бүрдүүлж байгаа хоёр том нам болох Ардчилсан Нам (АН) болон Монгол Ардын Намыг (МАН) Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахад хүргэв. Мажоритар системд эргэн шилжиж, тойрог бүр нэг мандаттай болж хувирсан ба 21 аймагт 48 мандат, нийслэлд 28 мандат оногдов. Энэ шийдвэр нэн ялангуяа жижиг намуудад болон эмэгтэйчүүдийн сонгогдох боломжид сөрөг нөлөөтэй юм. Үүнээс гадна Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах үеэрээ ҮХЦ-ээс шүүмжилж, тусгаагүй зарим нэмэлт зүйлсийг УИХ өөрчлөн шинэчилж, нөхцөл байдлыг улам хүндрүүлэв. Тодруулбал, сонгуулийн кампанит ажлын нийт хугацааг 17 хоног болгож богиносгосон ба эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгож бууруулав. Өөр нэг онцлох зүйл бол сонгуулийн зардал хэмнэх үүднээс орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэгцүүлэн зохион байгуулах шийдвэр байсан юм. Уг шийдвэрийн үр дүнд орон нутгийн сонгууль хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлыг хангалттай татаж чадалгүй, УИХ-ын сонгуулийн сүүдэрт болж өнгөрсөн. Харин нийслэлийн сонгууль өрсөлдөөнтэй болж өндөрлөснийг онцлох нь зүйтэй.

Намууд

Сонгуулиас өмнө засгийн эрх барьж буй АН-ын ажлын гүйцэтгэлийг ард түмэн хэрхэн дүгнэх, МАН алдсан эрх мэдлээ гартаа эргүүлэн олж авч чадах эсэх, Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) амжилтаа давтаж УИХ дахь гурав дахь хүчтэй фракц болж чадах эсэх мөн шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) ямар амжилтанд хүрэх боломжтой талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөж байв. 2016 оны 3 дугаар сарын байдлаар улс төрийн намууд дараах үнэлэмжтэй байв:

(Монгол Ардын Нам (МАН)38,3 %, Ардчилсан Нам (АН) 31,7 %, Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) 19,3 %, Иргэний Зориг-Ногоон Нам (ИЗНН) 2,6 %, Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) 6,2 %, Бусад 1,9 %. Сант Марал сангийн 2016 оны 3 дугаар сарын судалганаас)

Дээрх судалгааны хэсэг АН цаашид УИХ дахь хамгийн хүчтэй нам байхаа болих магадлалтайг харуулж байна. Дараах хэсэгт нам тус бүрийн сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг тоймлов.

Ардчилсан Нам

АН-ын засаглалын туршид тус нам дотор зөрчил, тогтворгүй байдал ноёрхож байв. Олон нийтэд АН-ын фракц хоорондын зөрчил нь улс орны ирээдүйн асуудал бус хувийн эрх мэдэл, эдийн засгийн ашиг сонирхлын төлөө болох нь тодхон харагдаж байв. Түүнчлэн нам дотроо бие биенээ авлигын хэрэгт буруутгах нь газар авч, улмаар “Панамын хэрэг” ил болсоноор нэр бүхий улс төрчдийн оффшор данс илэрсэн нь тус намын нэр хүндэд сөргөөр нөлөөлөв. Энэ бүхэн эцэстээ тус намыг дөрвөн жил засаглахдаа хоёр удаа Ерөнхий сайдаа сольж, гурван удаа эвсэл солигдоход хүргэсэн.

АН-ын засаглалын үед хамгийн асуудал дагуулсан салбар нь эдийн засаг байв. ДНБ-ий бодит өсөлт 12,3 хувиас (2012 онд) 2,3 хувь (2015 онд) хуртэл буурав. Гадаад худалдаа 11,12 тэрбум ам. доллараас (2012 онд) 8,46 тэрбум ам. доллар (2015 онд) болж буурсан бөгөөд гадаад өрийн хэмжээ 15,39 тэрбум ам. доллараас (2012 онд) auf 21,6 тэрбум ам. доллар (2015) болж өссөн юм. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурав (2012 онд 4,45 тэрбум ам. доллар, 2015 онд 232 сая ам. доллар). Эдийн засгийн нөхцөл байдал ийнхүү доройтоход гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин муудсан нь шууд нөлөөлсөн. Үүнээс гадна төгрөгийн ханш жил бүр буурсан (2012 онд: 1 ам. доллар=1.393 төгрөг, 2016 онд: 1 ам. доллар=1.930 төгрөг). Энэ бүхэнд дан ганц АН-ыг буруутгах боломжгүй юм. Түүхий эдийн үнийн бууралт болон БНХАУ-ын эдийн засгийн хямрал зэрэг нь Монголын эдийн засгийн бууралтад нөлөөлсөн нь тодорхой. Гэвч АН улс төрийн тогтворгүй байдал үүсгэснээр гадаадын хөрөнгө оруулагчид олноор үргэж, нөхцөл байдлыг улам дордуулсан. Түүнчлэн намын дотоод маргаанаас болж Таван Толгойн (нүүрсний орд) томоохон төсөл гацав.

АН-д уналтын хажууд зарим ололт, амжилт ч бий. Үүнд улсын дэд бүтцийн өргөтгөл, хөгжил, тэр дундаа шинэ авто замын бүтээн байгуулалт болон Оюу Толгойн төслийн дэвшил зүй ёсоор багтана. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бараг өмнөх 91 жилийн хугацаанд баригдсан авто замын хэмжээтэй дүйцэхүйц авто зам шинээр тавигдсан (1921-2012=2.964км авто зам, 2012-2016=2.720км авто зам). Үүнээс гадна Хүүхдийн эрхийг хамгаалах, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Засгийн газрын төсвийн ил тод байдлын тухай, Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай зэрэг нийгмийн дэвшилтэд нөлөөлөх олон хууль тогтоомж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд батлагдсан. Гэвч эдгээр үйл ажиллагааны үр дүн удаан хугацааны дараа гарах учир сонгогчдод шууд нөлөөлөхгүй нь АН-ын хувьд таагүй хэрэг юм.

Монгол Ардын Нам

АН-ын засаглалын хямрал түүний гол сөрөг хүчин болох МАН-д давуу тал бий болгосон нь гарцаагүй. Тэд олон нийтийн өмнө бүх асуудлыг илүү дээр шийдвэрлэж чадах байсан туршлагатай „том ах“-ын дүрд тоглов. Монгол Улсын эдийн засаг МАН-ын засаглалын үед хэзээ ч үүн шиг хямарч байсангүй хэмээн тэд тайлбарлав. Сонгуулийн өмнө сонирхол татаж байсан гол асуудлын нэг нь МАХН болон МАН эвсэл байгуулж сонгуульд оролцох эсэх асуудал байлаа. АН 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нь тус зүүний үзэлтэй нам хоёр хэсэг болсонтой холбоотой билээ.

2016 оны сонгуулийн өмнө тус хоёр нам эвсэх талаар яригдаж байв. Хуучнаар МАХН, өнөөнийн МАН үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярыг хоёр нам хамтран тэмдэглэж, 2016 оны сонгуульд эвсэх талаар хэлэлцээ олонтаа өрнөв. Зарим хэвлэл мэдээллээр тус хоёр нам хамтран ажиллах талаар аль хэдийн зарласан боловч энэ нь эцэстээ биеллээ олоогүй юм. Цуврал хэлцээний явцад МАН 51 нэр дэвшигч, МАХН 25 нэр дэвшигч тус тус дэвшүүлэхээр яригдаж байв. Гэтэл энэ нь эцэстээ МАХН, тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан, өдгөө авлигын хэргээр шалгагдаж буй Н.Энхбаярт хангалтгүй санагдсан учир эвсэл байгуулах саналыг цуцлав. Хэрэв хоёр нам хамтран ажилласан бол бусад намуудын боломж улам багасах байв. Сант Марал сангийн 2016 оны 3 дугаар сард хийсэн санал асуулгаагаар тус хоёр нам хамтдаа нийт судалгаанд оролцогчдын 57,6 хувийн саналыг авчээ.

Монгол Ардын Хувьсгалт Нам

МАХН-ын хувьд сонгуулийн өмнөх үеийг өрнөл ихтэй өнгөрүүлсэн. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын авлигын хэрэг илэрсэн ба тэрээр ажлын өрөөндөө мөнгө хүлээж авч байгаад хэргийн газар дээрээ баривчлагджээ. Түүнд нэгэн төрийн тендерийн ялагч авлига өгөх гэж байгаад газар дээрээ илчлэгдсэн аж. Г.Шийлэгдамба намын дарга Н.Энхбаярын намын сонгуулийн санхүүжилтэд зориулж мөнгө цуглуулах үүргийн дагуу тус мөнгийг авсан гэж тайлбарлав. Үүгээр МАХН-ын талаарх шуугиант мэдээ дууссангүй, дараагаар нь намын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарласнаа мэдэгдэв. Тэрээр 2012 онд авлигын хэргээр хоригдсоны улмаас нэр дэвших эрхийг нь хассаны эсрэг тэмцэв. Н.Энхбаяр нь монголын улс төрд ихээхэн нөлөөтэй нэгэн бөгөөд тэрээр олон нийтийн санал асуулгаар хамгийн нэр хүндтэй улс төрчдийн жагсаалтад байнга дээгүүрт бичигддэг. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч байх үедээ төрийн өмчийг хувийн ашиг сонирхолдоо ашигласан гэж Авлигатай Тэмцэх Газар буруутгасан билээ. Гэвч 2013 онд түүний дараа сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярт өршөөл үзүүлсэн юм. Н.Энхбаярын тодорхойлолтоор энэхүү өршөөл нь түүний сонгуульд нэр дэвших эрхийг нь сэргээж байгаа гэж үзсэн боловч Сонгуулийн Ерөнхий Хороо тус хэргийг өөр байр сууриас авч үзжээ. Ингээд өлсгөлөн зарласныг нь үл тоож, нэрээ дэвшүүлэх эрхийг нь хасав. Түүний оронд гэргий, тэргүүн хатагтай асан О.Цолмон нь УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн боловч ялалт байгуулж чадсангүй.

Бусад жижиг намууд

Сант Марал сангийн 2016 оны санал асуулгаар тус санал асуулгад оролцсон иргэдийн 84 хувь нь Засгийн газар улс орны чухал асуудлуудыг шийдвэрлэхдээ үргэлж эсвэл ихэнх тохиолдолд бүтэлгүйтэж байна гэж дүгнэжээ. Үүнээс ард иргэд улс төрийн элитүүдэд ерөнхийдөө сэтгэл дундуур байгааг харж болно. Иймд жижиг намууд болон бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн өмнө таатай нөхцөл байдал үүссэн гэж үзэж болох юм. Ялангуяа гадаадад амьдарч байгаад нутагтаа эргэн ирсэн, өндөр боловсролтой гишүүд олонтой, өөрсдийгөө социал-демократ чиглэлтэй нам хэмээн тодорхойлсон Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) сонгуульд амжилт гаргах боломжтой гэж тооцогдож байв. Гэвч уг нам дотоод зөрчлөөсөө шалтгаалан боломжоо үгүй хийсэн юм. УИХ-ын нам бус гишүүн асан С.Ганбаатар тус намын гишүүнээр элссэн, улмаар намын дарга нь болсон гэх мэдээ олон нийтийн хэвлэл мэдээллээр цацагдав. Гэвч удалгүй ХҮН-ын Ерөнхий зөвлөл С.Ганбаатарыг өөрийн намын дарга хэмээн хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэв. Улмаар бүтэн сар үргэлжилсэн маргааны төгсгөлд Улсын дээд шүүх С.Ганбаатарын томилгоог хүчингүйд тооцов. Эцэст нь С.Ганбаатар сайн дураараа огцорч байгаагаа мэдэгдсэн. Намын дотоод маргаан нь ХҮН-ын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан юм. Үүний дараа ХҮН-ын шинэ удирдлага 2016 оны сонгуульд тус намын гишүүд өрсөлдөхгүй, сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэж мэдэгдэв. Харин С.Ганбаатар УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшлээ.

Өнөөг хүртэл УИХ-д хоёр суудалтай байсан өөр нэг жижиг нам бол Иргэний Зориг-Ногоон Нам (ИЗНН) юм. Бичиг баримт бүрдүүлэлтэд нь алдаа гарсан гэж үзсэн тул Сонгуулийн Ерөнхий Хорооноос тус намыг 2016 оны сонгуульд оролцуулах боломжгүй гэж мэдэгдэв. ИЗНН энэ тухай Улсын Дээд Шүүхэд гомдол гаргасан ба тэр хооронд тус намын гурван даргын нэг болох С.Оюун ИЗНН 2016 оны сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно хэмээн зарлажээ. Улмаар тус намын зарим гишүүд, түүний дунд тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын зарим гишүүд, АН-д элсэв. Намын гишүүдтэйгээ зөвлөлдөхгүйгээр энэ шийдвэрийг гаргасан нь нам дотор эсэргүүцэл болон тогтворгүй байдлыг үүсгэв. Эцэст нь нэр дэвшигчдийг томилох хугацаа дуусахаас өмнөхөн Улсын Дээд Шүүх ИЗНН-ыг 2016 оны сонгуульд оролцуулах шийдвэр гаргаснаар тус намын дарга Ц.Ганхуяг болон намын зарим гишүүд сонгуульд нэрээ дэвшүүлэв. С.Оюун зэрэг тус намын нийгэмд танигдсан олон гишүүд нэр дэвшихээс татгалзсан, эсвэл АН-аас нэр дэвшсэн юм.

Сонгуулийн өмнөхөн УИХ-ын зарим гишүүд намын гишүүний батлахаа сольсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга Монголын Үндэсний Ардчилсан Намаас гарч Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намыг (ТТЭНН) тэргүүлэх болов. Түүнийг даган урд нь МАХН-д байсан УИХ-ын гишүүн Л.Цог тус намд элсэв.

2016 оны сонгуульд нэр дэвшигчид

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлсэнчилэн нийт 498 нэр дэвшигч (12 нам, 3 эвслийн нийт 429 нэр дэвшигч болон 69 бие даан нэр дэвшигч) сонгуульд оролцохоо мэдэгджээ. АН болон МАН сонгуулийн бүх 76 тойрогт өөрсдийн төлөөллөө нэр дэвшүүлэв. МАХН-ын хувьд нийт 71 тойрогт нэр дэвшигч томилов. Хоёр том нам нэр дэвшигчдийнхээ 20 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх квотыг албан ёсоор баримталжээ. Гэвч АН-ын 17 эмэгтэй нэр дэвшигч болон МАН-ын 16 эмэгтэй нэр дэвшигчдэд ялалт байгуулахад амаргүй сонгуулийн тойргууд ноогдсоныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Түүнчлэн сонгуулийн тойргуудад өрсөлдөж байгаа нийт нэр дэвшигчдийн тоо харилцан адилгүй байв. Зарим тойрогт хоёрхон нэр дэвшигч өрсөлдсөн бол өөр тойргуудад 14 хүртэл нэр дэвшигч өрсөлдөв. 2016 оны сонгуулийн нэг онцлог нь бие даан нэр дэвшигчдийн тоо өмнөх сонгуулиудаас харьцангуй өссөн байв. Үүнийг иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл алдарсантай холбон тайлбарлаж болох юм. Бие даан нэр дэвшигчид монголын нийгмийн олон бүлгийг төлөөлөв. Тэдний дунд алдартай дуучид, жүжигчид, бөхчүүд болон эрдэмтэд зэрэг нийгмийн олон төлөөлөл багтаж байв.

Сонгуулийн кампанит ажил

Сонгуулийн тухай шинэчилсэн хуулийн дагуу сонгуулийн кампанит ажлын хугацаа 17 хоногоор хязгаарлагдсаны улмаас 2016 оны 6 дугаар сарын 11-нд сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхлэв. Монголын улс төрийн намууд болон улс төрчид телевизийн шторк, олон нийтийн цахим сүлжээ, айлуудаар зочилох зэрэг сонгуулийн кампанит ажлын бүх сонгодог аргыг ашиглав. Энэ тал дээр Монголын улс төрчид Европ, АНУ дахь барууны түншүүдээсээ дутсангүй. Харин намууд сонгуулийн кампанит ажлын үеэр ирээдүйд чиглэсэн зорилго, агуулга дэвшүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа нь ажиглагдсан. Монгол Улсын эдийн засаг гүн хямралд өртөөд буй энэ үед нэн ялангуяа уул уурхайн салбарт ямар бодлого баримталж ажиллах нь аль аль намын хувьд тодорхойгүй байв. Иймд намуудын мөрийн хөтөлбөрийн агуулгын ялгааг тодорхойлоход амаргүй байлаа. Нэг талаар энэ нь сонгуулийн мажоритар системтэй холбоотой юм. Аливаа нэр дэвшигч тойрогтоо гарахаар ганцаарчилсан тэмцэл өрнүүлж буй үед тэрээр ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох алсын хараатай кампанит ажил явуулахаас илүүтэй, тухайн цагт тойргийнхонхоо иргэдийн чихэнд нийцэхүйц богино хугацааны амлалтад суурилсан кампанит ажлыг өрнүүлэх нь элбэг.

Сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд

АН-ын хувьд 2012 оны сонгуулийн үеэр боловсруулсан “Монгол хүн 2020” хөтөлбөрөө шинэчлэн, үргэлжлүүлж 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр болгов. Тус намын хувьд дээрх хөтөлбөрөө амжилттай үргэлжлүүлсэнээр бодит, эерэг үр дүнд хүрнэ гэсэн үндэслэлийг дэвшүүлэв. “Ахиулан хийх ажил их байна”, “Шинэчлэлээс шийдэл рүү” зэрэг гол уриа үгсийг тэд дэвшүүлэв. АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол цөм нь засаглалын төвлөрлийг сааруулах бодлого (орон нутгийн өөрөө удирдах нэгжүүдэд захиран зарцуулах төсвийг нэмэгдүүлэх, 15.000-аас илүү хүн амтай суурьшмал газруудыг хот болгох), дэд бүтцийг хөгжүүлэх (Тээврийн тухай шинэ хууль, дотоодын төмөр замыг хөгжүүлэх) болон эдийн засгийг солонгоруулах (Газар тариаланчдыг болон залуу малчдыг дэмжих төсөл) зэрэгт оршиж байв. Харамсалтай нь зарим нэг амлалтууд нь, тухайлбал Улаанбаатар хотыг 2020 он гэхэд утаагүй болгоно гэх зэрэг амлалтууд нь бодит байдал дээр биеллээ олох боломжгүй сэтгэгдлийг төрүүлж байв.

Харин МАН-ын хувьд энэ удаа “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэсэн гол уриаг дэвшүүлэв. “Бид хамтдаа чадна” нэх нэртэй тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт нийгмийн халамжийг нэмэгдүүлэх (эхний хүүхдээ гаргасан эхчүүдэд сарын тогтмол цалин олгоно, ахмадуудад зориулсан нийгмийн шинэ бодлого гаргана, оюутнуудад с анхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөр боловсруулна гэх мэт) болон сайн засаглалыг хөгжүүлэх (ажлын байрын тогтвортой байдлыг бий болгох, цалин нэмэх, төрийн албан хаагчдын нийгмийн халамжийг сайжруулах, УИХ-ын гишүүдийг “давхар дээлгүй” болгох, намуудын төсвийн ил тод байдлыг хангах) талаар түлхүү тусгагдсан юм. МАН-ын мөрийн хөтөлбөр нь АН-ын хөтөлбөртэй харьцуулбал тодорхой үе шатуудыг нарийвчлан тусгасан боловч хэт социалромантик хандлага ажиглагдсан. Шүүмжлэлтэй өнцгөөс хандвал тус намын мөрийн хөтөлбөр нь ард түмнийг улам төр засгаас хамааралтай болгож, цаг хугацааны явцад нийгмийн томоохон бэрхшээлүүд улам томрох дүр зургийг буулгаж байлаа.

Сонгуулийн өмнөх эрх мэдлийн төлөөх тэмцэл

Өмнөх сонгуулиудын үеэр тохиолддог байсан томоохон бэрхшээлийн нэг болох сонгуулийн кампанит ажлын үеэр намууд бэлэн мөнгө амлах болон тараахыг Сонгуулийн тухай шинэчилсэн хуулиар хориглосон. Уг хоригийг албан ёсоор зөрчөөгүй ч, хуульд харшсан үйлдлүүд олонтаа ажиглагдав. Монгол Улсын Засгийн газар иргэдэд өөрийн эзэмшдэг Таван Толгойн хувьцааны 30 хувийг зарж борлуулж болно хэмээн албан ёсоор мэдэгдэв. Үүний өмнө Монгол Улсын бүх иргэд Таван Толгойн нүүрсний уурхайн хувьцаанаас эзэмших боловч түүнийг зарах эрхгүй байсан юм. Харин Засгийн газрын энэхүү гэнэтийн шийдвэрийн дагуу иргэд ойролцоогоор 150 евротой дүйцэхүйц үнийн дүнгээр өөрсдийн хувьцааны тодорхой хэсгийг Монголын төрд зарах эрхтэй болов. Тус мэдэгдлийн дагуу иргэд арилжааны банкуудын үүдэнд олон өдөр урт дараалал үүсгэн, хувьцаагаа арилжаалав. Таван Толгойн төсөл зогссон байгаа тул уг хувьцааг борлуулах нь уул уурхайн цаашдын хөгжилд, эдийн засгийн хувьд ашиггүй хэмээн эдийн засагчид хурцаар шүүмжилсэн. Түүнчлэн монголын төр яаж, ямар мөнгөөр дээрх хувьцааг иргэдээсээ худалдан авсан нь тодорхойгүй юм. Ямартаа ч 6 дугаар сарын 24-ний байдлаар нийтдээ 960.000 орчим иргэн өөрийн эзэмшдэг хувьцааныхаа 30 хувийг төрд арилжаалсан мэдээлэл нийтлэгдсэн. Өөрөөр хэлбэл монголын төр доод тал нь 144 сая еврог энэ дагуу иргэдийн гарт олгосон гэсэн үг юм. Энэ үйл явц сонгуулийн өмнө эдийн засгийн чадамж багатай иргэдэд нөлөөлөх гэсэн эрх баригчдын оролдлого хэмээн хардагдахаар байв.

Сонгуулийн өмнө шуугиан дэгдээсэн өөр нэг сэдэв бол олон тооны сонгогчдыг нүүлгэн шилжүүлсэн асуудал байв. Албан ёсоор сонгуулийн өмнөх 60 хоногийн дотор иргэдийг нүүлгэн шилжүүлэх нь хориотой боловч 18.063 иргэн сонгуулийн өмнөх 14-өөс 28 хоногт сонгуулийн тойргоо сольсон байв. Өөрөөр хэлбэл, иргэд сонгуулиас өмнөх 14 хоногийн дотор өөрийн сонгуулийн тойрогт бүргүүлэх ёстой гэсэн Сонгуулийн тухай хуулийн цоорхойг нам, хүчнүүд ашигласан байна. Ялангуяа 10 аймагт (Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай) 600 гаруй сонгогчид богино хугацаанд шинээр бүртгэгдэв. Хүн ам сийрэг Монголын сонгуулийн тойргуудад энэ нь их нөлөө үзүүлэхүйц тоо юм. Хоёр том нам дээрх хэргийн хүрээнд бие биеэ сэжиглэж байв. Нэр дэвшигч томоохон компаний захирлууд өөрийн сонгуулийн тойрогт ажилчдаа нүүлгэн шилжүүлсэн гэх зарим цуурхал ч олон нийтийн дунд тархав. Эдгээр шилжилт хөдөлгөөнүүд чухам хэний захиалгаар хийгдсэн болохыг тогтооход бэрх боловч тодорхой зорилготойгоор гүйцэтгэгдсэн нь бодит баримт юм.

Сонгуулийн кампанит ажил дуусахаас өмнөхөн МАН-ы нэр хүндийг унагаахуйц нэгэн видео бичлэг нийтлэгдэв. Уг бичлэгт МАН-ын дарга М.Энхболд намын 2 гишүүний хамтаар нийслэлийн чухал албан тушаалуудыг 60 тэрбум төгрөгөөр (2,8 сая орчим евро) үнэлэн зарах боломжтой тухай ярьсан нь ард түмний жигшлийг ихэд төрүүлэв. Уг видео бичлэгийг хуурамчаар үйлдсэн байна гэж МАН-аас мэдэгдсэн боловч уг мэдэгдэлд ихэнх хүмүүс итгэсэнгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр хүртэл “М.Энхболдын дуу хоолой мөн байна. Би М.Энхболдын дуу хоолойг унтаж байхдаа ч танина” хэмээн мэдэгдэв.

Сонгуулиас нэгхэн хоногийн өмнө Засгийн газраас бас нэгэн гэнэтийн мэдэгдэл хийв. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын эзэмшилд шилжсэн хэмээн олон нийтэд зарлав. Эрдэнэт үйлдвэр нь дэлхийд дөрөвт жагсдаг зэсийн томоохон уурхай юм. Тус үйлдвэр 1975 онд Орос-Монголын хамтарсан үйлдвэр болж үүсгэн байгуулагдсан ба Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлээс өмнө тус үйлдвэрийн 51 хувийг Монголын төр, 49 хувийг ОХУ-ын Ростех корпораци эзэмшиж байв. Ерөнхий сайдын мэдэгдсэнээр Ростех өөрийн эзэмшлийн 49 хувийг Худалдаа Хөгжлийн Банкны охин комани болох “Монгол Зэс” гэх монгол компанид зарсан ажээ. Энэ нь сайн мэдээ шиг сонсогдох боловч сонгуулийн өмнө олон эргэлзээтэй асуудлыг дагуулав. Чухам яагаад тус мэдэгдлийг яг тухайн үед олон нийтэд ил болгосон нь анхаарал татаж байгаа бөгөөд цаашлаад Ростех хувьцаагаа яагаад зарах болсон нь тодорхой бус хэвээр байгаа юм.

Үр дүн

Сонгууль МАН-ын гэнэтийн бөгөөд үнэмлэхүй ялалтаар өндөрлөв. Мэргэжлийн шинжээчид ч ийм үр дүн гарна гэж тооцолсонгүй. Мажоритар системд эргэн шилжсэн нь ийм үр дүнд хүргэсэн нь тодорхой ба МАН УИХ-д нийт 65 суудалтай болсоноор УИХ-ын 2/3-ыг буюу олонхыг бүрдүүлэх болж, 2012 онтой харьцуулбал МАН-ын УИХ-д эзлэх суудлын тоо эрс нэмэгдэв. АН-ын хувьд томоохон ялагдалд унаж, УИХ-д дөнгөж есөн суудалтай үлдсэн бол, МАХН ганцхан суудал авч, бусад жижиг намууд хоосон хоцров. Харин бие даан нэр дэвшигчдээс зөвхөн нэг нь л УИХ-д суудал авчээ.

АН-ын нэр дэвшигчид дунд олон нийтийн дунд нэртэй олон улс төрч УИХ-д дахин сонгогдож чадаагүй. Тухайлбал, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл, Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд Р.Бурмаа болон бизнес эрхлэгч Х.Баттулга нар УИХ-ын гишүүний суудлаа алдав.

Сонгогдоно хэмээн урьдчилан таамаглаж байсан бие даан нэр дэвшигчид ч амжилт олсонгүй. Бие даагчдаас зөвхөн зохиолын дуучин С.Жавхлан л УИХ-д суудалтай болов. Дээр дурдагдсан олны дунд нэртэй, улс төрийн аливаа хүчнээс хараат бус гэгдэх С.Ганбаатар хүртэл сонгуулийн тойрогтоо ялагдал хүлээв. Түүнчлэн жижиг намууд ч амжилт олсонгүй. ИЗНН шинэ УИХ-д төлөөлөлгүй болов. МАХН УИХ-д зөвхөн нэг суудал авлаа. Нийт улсын хэмжээнд өгсөн саналын хуваарилалтыг авч үзвэл өмнөх сонгуулийн системээр явсан бол МАН-ын давуу байдал харьцангуй бага байх байв. АН улсын хэмжээнд 2012 онд авч байсан саналын тооноосоо бага зэрэг бууруу санал авчээ. Харин МАН саналын тоогоо МАХН-ны хямралын ачаар үлэмж нэмэгдүүлжээ.

Бусад нь (жижиг намууд болон бие даасан нэр дэвшигчид) өмнө нь улсын хэмжээнд авч байсан нийт саналын хувиа бага зэрэг нэмэгдүүлж чадсан байна.

Энэ сонгуулийн хүрээнд хоёр асуудалд эерэг өөрчлөлт гарчээ. Эмэгтэйчүүдийн квотыг бууруулах нь УИХ дахь эмэгтэйчүүдийн тоог бууруулна хэмээн сөрөг таамаглал дэвшүүлж байсан ч, УИХ-ын бүрэлдэхүүн дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл хоёроор нэмэгджээ. Ингэснээр нийт 13 эмэгтэй (МАН-аас 12, АН-аас 1) УИХ-д сонгогдон ажиллах болов. Энэ нь Монгол Улсын хувьд ахиц дэвшил хэдий ч, парламентын 17 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буй нь олон улсын хэмжээнд харьцуулан авч үзвэл бага үзүүлэлт хэвээр байна.

Дараачийн нэг дэвшил нь иргэдийн сонгуулийн ирц тодорхой хэмжээгээр өссөн явдал байлаа. Урьдчилан таамагласнаар иргэд улс төрөөс залхсан нь сонгуулийн ирцээс ажиглагдсангүй. 1992 оноос хойш буурсаар ирсэн иргэдийн сонгуулийн оролцоо ийнхүү бага зэрэг өсөх тийш хэлбийв.

МАН-ын УИХ-ын сонгуулийн үнэмлэхүй ялалт орон нутгийн сонгуульд ч давтагдав. Улсын хэмжээний үр дүн хараахан нийтлэгдээгүй боловч нийслэлийн сонгуулийн дүнгийн эхний хандлагаас ийнхүү ажиглаж болох юм. АН-ыг уламжлал болгон дэмжсээр ирсэн нийслэлийн иргэдийн саналаар ч МАН 34 суудал авч, харин АН 11 суудал авчээ. Ингэснээр хотын шинэ дарга МАН-аас томилогдохоор болов.

Дүн шинжилгээ

Иргэд улс төрөөс болон том намуудаас залхсан ба иймд жижиг намууд ба бие даан нэр дэвшигчид сонгуульд харьцангуй амжилт гаргах магдлалтай гэж үзэж байсан боловч бодит үр дүнд тулгуурлан дүгнэхэд иргэдийн энэхүү залхалт нь зөвхөн засгийн эрхийг баригч байсан АН-д чиглэж байсныг харж болох юм. МАН-ын хувьд илт давуу олонх болсон учир цаашид засгийн эрхийг барихад харьцангуй амархан байх болно. АН-аас үлдсэн цорын ганц эсрэг тоглогч нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Гэвч МАН УИХ-д үнэмлэхүй олонх болсоноороо Ерөнхийлөгчийн хоригийг ч хүлээн авахгүй байх боломжтой юм. Мөн Ц.Элбэгдоржид Ерөнхийлөгчийн албыг хаших ганцхан жилийн хугацаа л үлдсэнийг тодотгох хэрэгтэй. Үндсэн хуулинд зааснаар тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй юм. Тэгэхээр монголын ардчилалын хувьд МАН өөрийн энэхүү давуу байдлыг урвуулан ашиглахгүйгээр, цаашид авлигын эсрэг болон хэвлэл мэдээлэл ба үзэл бодлын эрх чөлөөний төлөөх тэмцлийг тууштай үргэлжлүүлнэ хэмээн найдах л үлдлээ.

АН-ын хувьд сонгуулийн өмнөхөн өөрсдийн ялагдлыг бэлтгэх мэт сонгуулийн системд өөрчлөлт оруулсан. Хуучин пропорциональ системээр сонгууль явагдсан бол тэд одоогийнхоосоо арай олон суудал авах байсан нь тодорхой. МАХН-ын хувьд МАН-тай эвсэж сонгуульд оролцох хэлэлцээг цуцалснаараа их уналтад орлоо. Бие даагч С.Ганбаатар гишүүний хувьд ХҮН-д элсэж, өөрийн нэр хүндийг унагах зүйлст орооцолдсон нь түүнийг ийнхүү унахад хүргэв. Эдгээрийн сөрөг үр дагавар ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн тусгалаа олох болно. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалан АН-аас Ерөнхийлөгчид хүч үзэх нэр дэвшигч тодорхойгүй байна. С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх УИХ-д төлөөлөлтөй нам үгүй бөгөөд Н.Энхбаяр ирэх жил дахин өрсөлдөөнд оролцоно гэхэд хүч нь хэтэрхий суларсан байна.

Монголын улс төр цаашид хаашаа чиглэх вэ? УИХ-д олонх болсоны зэрэгцээ намын сахилга батаараа бусдаасаа хавь илүү гэгддэг МАН-ын хувьд ирэх дөрвөн жил улс орноо тогтвортой удирдах магадлалтай. Энэ нь эдийн засгийн хөгжилд ч эерэгээр нөлөөлж болох юм. Өнгөрсөн дөрвөн жилд ноёлсон улс төрийн тогтворгүй байдлын улмаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, энэ нь эдийн засаг хямрах гол шалтгаан болсон. Түүнчлэн шинэ засгийн газар Таван Толгойн хэлэлцээнд шинэ дэвшил бий болгох боломжтой бөгөөд Монголын эдийн засаг цаашид хэрхэх тал дээр уг төсөл маш чухал ач холбогдолтой юм. Гэвч шинэ засгийн газар юун түрүүнд төсвийн тодотголоо хийх шаардлагатай. Сонгуулийн өмнө ч Монгол Улсын санхүүгийн байдал хямралд автсан байсан ба Таван Толгойн хувьцааг иргэдээс худалдаж авсан хийгээд Эрдэнэтийн үйлдвэрийн өөрт ноогдох хувьцаагаа оросын тал зарсан зэрэг нь Монгол Улсын төсөвт ямар нөлөө үзүүлэх нь томоохон асуудал дагуулж байна. Түүнээс гадна 2017 оноос Чингис бондын эхний буцаан төлөлт хийгдэх учиртай. Хаанаас тэрхүү мөнгө гарч, хэрхэн эргэн төлөлт хийгдэх нь тодорхой бус хэвээр байна.

Дараагийн нэг асуудал бол АН-ын үед төрийн албанд орсон албан хаагчдын хэдэн хувийг нь МАН халж, сэлгэх вэ гэдэг байна. 2012 оны сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг доод албан тушаалтнаас нь авахуулаад дээд албан тушаалтан хуртэл нь намын харъяаллаас нь шалтгаалан халж сольсон юм. Одоо МАН-ын зүгээс ч ийм алхам хийгдэнэ гэдгийг М.Энхболд дарга болон түүний хамтран ажиллагсдын видео бичлэгт бичигдсэн яриа тодхон илтгэж байна. Харин халаа сэлгээ хэр хэмжээгээр явагдах нь тодорхой бус байна. АН-ын хувьд засгийн эрхийг барьж байх үедээ хууль зүйн системийг, тэр дундаа Авлигатай Тэмцэх Газрыг улс төржүүлж байсан. МАН үүнийг нэгэн адил үйл хэрэг болговол тун удалгүй АН-ын болон МАХН-ын гишүүдийн сүр дуулиантай авлигын хэргүүд илрэх магадлал өндөр байна.

АН-ын хувьд энэ удаагийн сонгуулийн үр дүн анх засагласныхаа дараа 2000 онд дөнгөж гуравхан суудалтай үлдэж байсантай нь адил ухаарч, дүгнэлт хийх нөхцлийг бий болгов. Тэд энэ нөхцөл байдлаас зөв сургамж авч чадах эсэх нь асуулт хэвээр. Сөрөг хүчин байх цаг үедээ өөрсдийгөө шинэчилж боломжийг ухаалгаар ашиглаж болно. Үүнд намын шинэ үеэ дэмжиж бэлтгэх, намын дотоод ардчиллаа бэхжүүлэх мөн Монгол Улсын ирээдүйн талаарх урт хугацааны алсын хараагаа тодорхойлох зэрэг асуудлууд хамаарна.

Сонгуулийн үйл явц ерөнхийдөө шударга болж өнгөрсөн. Саналын тооллого сонгуулийн хар машинуудын ачаар бодож байснаас илүү дэг журамтай, хурдан хугацаанд явагдсан. Иймд олон нийтийн болгоомжилж байсан үймээн самуун сонгуулийн шөнө үүссэнгүй. Сонгуулиас өмнөхөн өөрчлөгдсөн Сонгуулийн тухай хуулиас болж амаргүй ачаалал дунд ажилласан Сонгуулийн Ерөнхий Хороо сонгогчдийн бүртгэл болон сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хянах ажлыг сайн гүйцэтгэсэнтэй үүнийг холбон тайлбарлаж болох юм. Энэ удаа намуудын мөрийн хөтөлбөрүүдэд бэлэн мөнгөний амлалт тусгагдаагүй. Таван Толгойн хувьцааг худалдаж авсантай холбоотой бэлэн мөнгөний урсгал үүссэнийг Сонгуулийн Ерөнхий Хороо зохицуулах боломжгүй байлаа. ЕАБХАБ энэ удаагийн сонгуулийг шударга, эрх чөлөөтөй болсон гэж дүгнэв. Гэвч тус байгууллагаас Сонгуулийн тухай хуулийг богино хугацаанд өөрчилсөн, эмэгтэйчүүдийн квотыг бууруулсан, сонгуулийн хуулийн өөрчлөлт ил тод бус, нууцлагдмал байдлаар явагдсан бөгөөд уг шийдвэр цаанаа улс төрийн зорилготой байсныг үгүйсэх аргагүй гэх зэрэг асуудлыг дэвшүүлсэн байна.

Дүгнэлт

Ард түмэн том намуудаас залхсан дүр зураг сонгуулийн өмнө ажиглагдаж байсан боловч МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулав. Энэ нь жижиг намуудад боломж олгохгүйгээр тооцож өөрчилсөн сонгуулийн системтэй ч холбоотой юм. Нөгөө талаар боломж ихтэй байсан жижиг намууд дотоод зөрчилдөөнөөсөө болж боломжоо ашиглаж чадсангүй. Сонгуулийн үйл явцыг бүхэлд нь дүгнэвэл эрх чөлөөнд тулгуурласан бөгөөд шудрага болж өнгөрлөө. Эргэлзээ төрүүлж буй гол асуудал бол сонгуулиас өмнөхөн сонгуулийн тоглоомын дүрмийг том намуудад ээлтэйгээр өөрчилсөн явдал юм. Том намуудад ээлтэй энэхүү тоглоомын дүрмийн өөрчлөлт Монгол орны ардчиллыг ухраах үйл явцын эхлэл үү, эсвэл цаашид амжилттай үргэлжлэх ардчиллын үйл явцын дундах нэг алдаа юу гэдэг асуулт үүнээс урган гарч байна. Түүнчлэн Монголын нийгэмд ихээхэн газар авсан авлига, цаашлаад улс төр, эдийн засаг болон хэвлэл мэдээллийнхний холбоо сүлбээ ч асуудал хэвээр байна.

Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Нөлөө бүхий эрхмүүдэд зориулан Сонгуулийн тухай хуульд эсвэл бүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, тэдний эрх дархыг бэхжүүлэхгүй байгаасай л хэмээн монголын ардчилал найдах үлдлээ.

эзлэх хувь

Asset Publisher

Parlament Mongolei www.pixabay.com

comment-portlet

Asset Publisher

Энэ цувралын талаар

Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллага нь таван тивийн 70-аад улс оронд өөрийн офистой билээ.

Гадаад улсуудад газар дээр нь ажиллаж байгаа ажилтнууд тус орны эдүгээ онц чухал үйл явдал ба удаан

хугацааны хэтийн төлөвийн талаар шууд мэдээлэл өгнө.

Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллагын вэб хуудсаар үйлчлүүлэгчид „Улс орнуудын тухай тайлан“ буланд

тэдний анализ, цаад шалтгаануудын тухай мэдээлэл ба дүгнэлтүүдийг олж уншиж болно.

 

мэдээлэл захиалга

erscheinungsort

Mongolei Mongolei