Asset Publisher

улс орнуудын тухай баримт

Ололт амжилт ихтэй ч хийх зүйлс чамгүй олон

монголын ардчиллын 25 жилийн ойд

Монголын ардчиллын үйл явцыг хэрхэн дүгнэн хэлэлцэж буйг ажиглавал эх сурвалжуудын олонх нь Монголын ардчиллыг хараар, цөөнгүй нь цагаанаар, харин зарим нэг нь саарлаар дүрсэлнэ. Энэ удаагийн улс орнуудын мэдээгээр Монгол улсад тогтолцооны шилжилт явагдсанаас хойш 25 жилийн хугацаанд тус улсад ардчилсан тогтолцоог хэрхэн хөгжүүлж ирсэн талаар бодит дүн шинжилгээ хийхийг оролдлоо.

Asset Publisher

эзлэх хувь

Монгол орны өнөөгиийн нөхцөл байдлыг эерэг талаас ажиглагчид тус орныг амаргүй гадаад орчинд, ардчилсан тогтолцооны уламжлалт суурьгүй хэрнээ ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог тууштай хөгжүүлж байгааг онцолно. Шүүмжлэлт, сөрөг байр суурьнаас ажиглагчид харин Монгол улсад авилгал, эрх мэдлээ буруугаар ашиглах явдал газар авсныг тэмдэглэж, намуудын дотоод ардчиллын дутагдал болон иргэний нийгмийн байгууллагуудын нөлөөлөл багатай, хүчгүй байдал зэргийг онцлох болно. Улс төрийн тогтолцооны шилжилтийн 25 жилийн ойтойгоо золгож буй Монгол улсын улс төрийн өнөөгийн нөхцөл байдал нь байнгын өөрчлөлт шинэчлэлт болон өвөрмөц онцлогийн дунд орших учраас, тус улсын ардчиллын хөгжлийг аливаа нэг хүрээнд хашин тодорхойлоход хэцүү юм.

Ололт амжилтууд: Ардчиллыг хөгжүүлсэн 25 жилийн үр дүн

1990-ээд оноос хойш ардчиллыг үндсэн зарчмаар нь хөгжүүлж ирсэн түүх, тодорхой хэмжээнд өсөлт дэвшил авчирсан зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгосон явдал болон олон талт гадаад бодлогыг амжилттай хөгжүүлж яваа зэргийг нь ажиглаваас Монгол улс чамгүй амжилтанд хүрсэн билээ. Ялангуяа Зөвлөлтийн нөмөр нөөлгөнд багтаж байсан, ижил төстэй түүхэн замналтай төв азийн бусад улс орнуудтай харьцуулахад тус улсын хөгжлийн үйл явц бахдам юм.

Энэ утгаараа Монгол улс нь Мьянмар болон Киргиз зэрэг бусад шилжилтийн орны хувьд үлгэр жишээ болдог бөгөөд, тэдгээр улс орнуудын зүгээс ч туршлага хуваалцах хүсэлт олноор ирдэг. Ардчиллын зөвлөгч улс орны үүргээ уриалгахан биелүүлснээр Монгол улсын хувьд гадаад бодлогын хүрээгээ өргөтгөн тэлэх давуу тал давхар бий болдог. Монгол улсын хувьд Орос болон Хятад улсуудаар хүрээлэгдсэн “Sandwich” буюу далайд гарцгүй, газар зүйн хавчигдмал байрлалтай учраас хоёр их хөршийнхөө хэт нөлөөллийг тэнцвэржүүлэх үүднээс “Гуравдагч хөршийн” бодлогыг хэрэгжүүлж, бусад улс орнуудтай, тэр дундаа барууны орнуудтай харилцаагаа илүү гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаа нь ажиглагддаг. Энэхүү зорилгынхоо хүрээнд ч Монгол улс тодорхой амжилттай ажилласаар ирсэн. Монгол улс барууны улс орнуудын дунд нэр хүнд өндөртэй ба тэр дундаа Герман болон АНУ-тай ойр дотно дипломат харилцаатай байдаг. Олон улсын байгууллагууд дахь идэвхи санаачлагынхаа үр дүнд Монгол улс өөрийн гадаад ертөнц дэх харилцаа холбоог өргөжүүлэн тэлж чадсан юм. (OSZE (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага), Freedom-Online (Цахим эрх чөлөө холбоо), ASEM (Ази-Европын Дээд хэмжээний уулзалт) г.м). Гэвч барууны улс орнуудтай илүү нягт хамтран ажиллахад тус улсын эдийн засгийн гадаад харилцааны хэт сул хөгжил чөдөр тушаа болж байна. Монгол улс цаасан дээр бичигдсэн байдлаараа барууны орнуудад хэрэгцээтэй олон төрлийн түүхий эд баялагтай. Гэвч дэд бүтцийн сул хөгжил, түүний улмаас үүсэх тээвэр болон логистикийн өндөр зардал, улам бүр доройтож буй хөрөнгө оруулалтын орчин зэрэг нь Монгол улсын эдийн засгийн харилцааг цаашид өргөтгөхөд саад бэрхшээл болж байна. Тиймээс тус улсын эдийн засаг Хятадаас хэт хараат хэвээр л байна.

Гэвч Монгол улсын хөгжил зөв замдаа явж буйг Бертельсманн Сангийн шилжилтийн индекс харуулна .Тус индексийн дагуу Монгол улсыг „алдаатай“ ардчилсан тогтолцоотой гэж дүгнэх боловч судалгаанд хамрагдсан 129 улс орноос Монгол улс Боливийн дараа буюу Босни-Герцеговины өмнө 40-р байранд жагссан байна. Энэхүү индекст Монгол улс илүү дээгүүр байр эзлээгүй нь тус улсын өмнө тулгамдаж буй нэг томоохон бэрхшээлтэй холбоотой. Тус улсын эдийн засгийн их өсөлтийг дагаад зөвхөн тодорхой бүлэг хүмүүсийн амьжиргааны түвшин огцом өссөн нь ардчиллын үнэт зүйлстэй харшиж байгаа юм. Баялгийн тэгш бус хуваарилалт Монгол улсын хөгжлийг цаашид эрсдэлд оруулж болзошгүй байна. Сүүлийн 25 жилийн турш Монгол улс ардчиллын замыг эргэлт буцалтгүйгээр сонгосон билээ. Ардчилал хөгжих нөхцөл боломж тун тааруу байсан он жилүүдэд ийм замыг сонгох нь төдийлөн амар байсангүй. Монгол улс бол Зөвлөлт Холбоот улсын нэгэн адилаар хамгийн урт хугацаанд социализмын чиг баримжаатай нэг намын тогтолцоот засгийн газраар удирдуулж байсан түүхтэй орон юм. Монгол улс ардчиллын аливаа уламжлалт суурьгүйн дээр, тухайн үед түүнд бие даан засаг барих тал дээр ч туршлага дутаж байлаа. Зөвлөлтийн нөлөөнд орохоосоо өмнө Хятадаас хараат байсан түүхээс нь харахад Монгол улс ардчилал руу хөтлөх замыг сонгосон нь онцгой тэмдэглэхүйц ач холбогдолтой үйл явдал байсан гэдгийн харж болно.

Сонгуулийн өмнөх 2015 онд Монгол улсын эдийн засаг болон улс төрийн нөхцөл байдал хямрал зонхилж байна. Олон төрлийн, олон шинж чанартай бэрхшээлүүдтэй тулгарч байгаагаас шалтгаалан Монголын улс төрчдөд хямралыг даван туулах тодорхой төлөвлөгөө боловсруулахад хүндрэлтэй байна. Түүнчлэн Монголын улс төрчдийн богино настай бодлого санаачилдаг нь байдлыг улам хүндрүүлж байна. Монгол улс ардчиллыг түгээн дэлгэрүүлэхийн тулд дотооддоо болон гадаадад хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч, тус улсын Засгийн газрын зүгээс өөрийн улсын тодорхой стратеги болон нарийвчилсан зорилгодоо илүү анхаарах шаардлагатай байна. Улс төрчид үүссэн нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийж, өөрсдийн алдаатай шийдвэрүүдээ эргэн харснаар эдийн засгийн хямралыг давах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль зүйн шинэчлэлтийг хийж болох ч, гадаадын хөрөнгө оруулагчдын нэгэнт алдарсан итгэлийг хурдан эргүүлж татах нь тийм ч амаргүй байх болов уу. Гэвч Монголын хамгийн том алт болон зэсийн орд болох Оюу толгойн гэрээг байгуулснаар Монголын мөнгөн тэмдэгтийн ханш сайжран, эдийн засгийн цаашдын хөгжил ч эерэг байх төлвийг бүрдүүлж эхэллээ.

Парламентад олонхи болон цөөнхийн тодорхой харьцаа бий боловч өнөөгийн эрх зүйн тогтолцооноос улбаалан Засгийн газар тогтвортой ажиллаж чадахгүй байгаа нь асуудлыг хүндрүүлж байна. Үүнээс ч үүдэн өмнөх Засгийн газар өөрчлөлтөнд орсон. Улсын Их Хуралд (УИХ) олонхийн бүлэг бүрдүүлэн ажиллаж буй эрх баригч нам болох Ардчилсан намын (АН) тэргүүлсэн Эвслийн засгийн газрыг эдийн засгийн хямралыг даван туулах зорилгоор бүх намуудын төлөөлөлтэй засгийн газраар сольсон. “Том асуудлуудыг даацтай шийдэх” уриатай Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар парламентыг сөрөг хүчингүй болгосон зохисгүй байдлыг дагуулсан. Үүний зэрэгцээ цаг хугацааны давчуу байдал дарамт болж байгаа бөгөөд 2016 онд болох УИХ-ын болон Орон нутгийн сонгууль хүртэл энэ Засгийн газарт хэдхэн сар л ажиллах хугацаа үлдээд байгаа юм. Эвслийн засгийн газраас гарна гэх Монгол Ардын Намын (МАН) сүрдүүлэг нь хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж, хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанд дарамт учруулж байна. Өнөөгийн парламентад гишүүдийн тоогоороо хоёрт орох тус намын зүгээс АН-ыг эвслийн гэрээгээ биелүүлэхгүй байна хэмээн үздэг. Олон асуудлыг шийдэхээр бүх намын төлөөлөлтэйгээр байгуулагдсан засгийн газар ийнхүү өөрөө нэг том асуудал болж болзошгүй байна.

Авлигын түвшин Монгол улсын хэмжээнд өндөр хэвээрээ байна. “Транспаренси Интернейшнл” ТББ-ын 2014 онд нийтэлсэн авлигын үзүүлэлтийн индексийн үзүүлэлтэнд нийт 177 орон хамрагдсанаас Монгол улс 80-р байрт жагсчээ. Монголын иргэд ч энэ асуудлыг олонтаа хөндөн, өргөн хэлэлцүүлэг явуулж ирсэн. Улс төрийн хүрээнд ч авилгал Монгол улсын цаашдын хөгжлийг хойш нь татах аюултайг онцлон авч үзэж, авилгалтай тэмцэх хууль тогтоомж батлан, зохих хяналтын байгууллагуудыг бий болгосон. Гэвч ил болсон авлигын хэргүүдийг эрүүгийн хуулийн дагуу хатуу шийтгэх тогтолцоо бүрдээгүй байгаа бөгөөд авлигын хэргийг олон нийтэд ил гаргах нь улс төрчдийн харилцан нэг нэгнээ шантаажлах нэг хэлбэр болж байна. Өөрийн зорилгодоо үнэнч зогсох чадвартай иргэний нийгмийн байгууллагууд болон шүүмжлэлт байдлаар хандах, хараат бус хэвлэл мэдээлэл Монгол улсад үгүйлэгдэж байна. Гэвч нөхцөл байдал бага багаар арай сайжирч байгаа байж болох юм. Учир нь 2011 онд Монгол улс Транспаренси Интернейшнл ТББ-ын авлигын индекст 182 орноос 120-р байранд жагсаж байсан байна. Бизнес эрхлэгчид олноороо улс төрд орж, улс төрийг өөрийн нэр төр болон эдийн засгийн чадавхийг өсгөх хэрэгсэл болгон ашиглаж байна. Аж ахуйн нэгжүүд өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд улс төрд лобби хийхийг оролдохын оронд өөрсдөө шууд улс төрд ордог. Энэ нь намуудын дотоод ардчилалд ихээхэн хор хөнөөлтэй. Нэр дэвшигчдийн жагсаалтанд багтахын тулд намдаа их хэмжээний мөнгө төлдөг зарчим нь эргээд залуучууд, хөрөнгө багатай намын гишүүдийн намын аливаа шийдвэрт нөлөөлөх боломжуудыг боомилж байна. Үүнээс үзэхэд жирийн иргэдэд улс төрд оролцох боломж тун хязгаарлагдмал юм. Өнөөдөр Монголын хүн амын гуравны нэгээс илүү хувь нь ядуурлын түвшнөөс доогуур амьжиргаатай байна. Ядуу хүн улс төрд оролцох нь бараг үгүй. Монголын хөгжлийн нэгээхэн хэсэг нь уул уурхайн салбартай холбоотой бөгөөд тус салбарт орлогын тэгш бус хуваарилалт ноёрхож байна. Энэ салбарын орлогоос дэд бүтэц болон боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхийн оронд, тодорхой хэсэг нь сонгуулийн өмнө улс төрчдийн бэлэг хэлбэрээр иргэдийн гар дээр бэлэн мөнгө тараагдах нь олонтаа. Энэ жишээн дээрээс Монголын улс төрийн алсын хараагүй бодлогыг харж болно.

Хийгдэх зүйлс чамгүй олон: Харилцан хяналтын системийн ач холбогдол

Дээрх дүгнэлтүүдээс хаана юуг эргэн сайжруулах шаардлагатай байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Ардчиллын нэг тулгуур багана нь идэвхи зүтгэлтэй ардчиллын төлөө тэмцэгчид боловч түүний зэрэгцээ өөр хоорондоо хяналт тавих хамтын хяналтын тогтолцоо нь ардчиллын өөр нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ тогтолцоо нь олон ургальч үзэл, хамтын оролцоо, хараат бус хэвлэл мэдээлэл, чадварлаг төрийн алба болон намын дотоод ардчиллаас бүрэлдэнэ. Монголын хувьд эдгээр салбарууд ихээхэн асуудалтай тулгарч буй хэдий ч, цаашид ардчилсан өөрчлөлтийг авчирах найдлагууд ч одоогоор тасраагүй. Монголын ардчиллыг цаашид хөгжүүлэн, бэхжүүлэх үйл явцад дараах зүйлс шийдвэрлэх ач холбогдолтой юм:

Олон ургальч үзэл

Монголын улс төрийн намуудын тогтолцоо өнгөц харахад олон ургальч үзэл дээр суурилсан мэт. Улс төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөх олон намууд бий. Засгийн эрх мэдлийг ч тэд хоорондоо эвийн журмаар шилжүүлэн өгдөг. Хоёр том нам оршин тогтнож байгаагийн хувьд засгийн эрх мэдлийг хэн нь гартаа авах талаар ядаж л хоёр бодит хувилбар оршиж байдаг. Гэвч нарийн ажиглавал өнөөгийн Монгол улсын улс төрийн тогтолцоонд хэд хэдэн асуудал бий. Мөн чанартаа Монголын улс төрийн тогтолцоонд хоёрхон л нам оршин тогтнож байна. Ардчилсан тогтолцоо нь аль хэдийн тогтвор суурьшлаа олсон АНУ эсвэл Их Британи зэрэг улс орнуудын хувьд энэ нь боломжит хувилбар байж болох хэдий ч шилжилтийн үедээ явсаар байгаа Монгол улсын хувьд энэ нь олон асуудлыг дагуулах тогтолцоо юм. Үүнээс улбаалан Монголын улс төрийн намууд нийгмийн төрөл бүрийн бүлгүүдийн эрх ашгийг төлөөлөх үндсэн үүргээ биелүүлэхгүй байна. Энэ асуудлын гол нь хоёр том намд давуу талыг олгож буй сонгуулийн мажоритари системд бий. Одоогоор нийт мандатуудын гуравны нэг нь намын жагсаалтаар олгож буй хэдий ч, энэ нь жижиг намуудын улс төрийн шийдвэр гаргалтанд оролцох хязгаарлагдмал боломжийг сайжруулж чадахгүй хэвээр л байна. Энэ тогтолцоо нь хоёр том намд улс төрийн эрх мэдлээ хадгалах урт хугацааны баталгааг олгож байна. 2016 оны сонгуулийг цэвэр мажоритари системээр явуулхаар сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлэг өрнүүлж буйг маш шүүмжлэлтэйгээр ажиглах хэрэгтэй. Уг хэлэлцүүлгээс цаашдаа хоёр нам л дангаараа Монгол улсын аж амьдралыг тодорхойлох сонирхолтой байгаа гэдэг нь харагдаж байна: нэг талаас тайван хувьсгалын үр дүнд бий болсон АН, нөгөө талаас урьд өмнө коммунист төрийн нам байсан МАН. Бусад намууд төдийлөн ач холбогдолтой биш бөгөөд МАН өн удаан жилийн түүхтэйгийнхээ хувьд бусад намаасаа илүү боловсронгуй бүтэцтэй гэдгээрээ давуу талтай. Намуудын үйл ажиллагааны хөтөлбөрүүд хоорондоо онцын ялгаагүй тул тэд нийгмийн төрөл бүрийн бүлгүүдийн эрх ашгийг төлөөлөх чадваргүй юм. Иймд Монголд улс төрийн эвсэл байгуулах цаад зорилго нь үзэл бодол, хөтөлбөрийн үндсэн чиглэлүүдээрээ нэгдэн ажиллах гэхээсээ илүү эрх мэдлийн хуваарилалтанд оршино. Намуудын нэр нь эрхэмлэх үнэт зүйлийг нь илэрхийлэх мэт боловч бодит амьдралд энэ нь тусгалаа олсон нь төдийлөн үгүй. Тиймээс маш зүүний үзэлтэй Монгол Ардын Хувьсгалт Намын хувьд либерал-консерватив үзэлтэй Ардчилсан намтай хамтран засаг барих нь төдийлөн асуудал биш юм. Аливаа намын хувьд үнэт зүйлсээ эрхэмлэсэн, хэтийн хугацаанд хэрэгжүүлэх зорилго бүхий үндсэн хөтөлбөртэй, өдөр тутмын шийдвэрүүдээ зөвхөн тэрхүү үндсэн хөтөлбөртөө тусгасан итгэл үнэмшил дээрээ суурилан гаргадаг байх нь чухал юм.

Намууд нийгмийг төлөөлөх үндсэн үүргээ биелүүлж, нийгэм болон төр засгийг холбох гүүр болон ажиллах хариуцлагаа ухамсарласан тохиолдолд Монгол улсад олон ургальч үзэл түгэх боломжтой. Үүнийг хэрэгжүүлэх боломж бололцоо нэн түрүүнд сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс хамаарна. Сонгуулийн хууль хоёр том намд л давуу талыг олгох мажоритари тогтолцоотой хэвээр байвал олон ургальч үзэл хэзээ ч тогтнон бий болох боломжгүй юм. Түүнчлэн Монголд сонгуулийн хуулийг сонгууль бүрийн өмнө өөрчлөн шинэчилдэг явдал нь ард иргэдийн улс төрд итгэх итгэлийг улам бууруулж байгааг нэмж тэмдэглэх нь зүйтэй.

Намын дотоод ардчилал

Намын дотоод ардчиллын хүрээнд зарим нэг ахиц дэвшил бий. Намын удирдлагын бүрэлдэхүүнийг илүү ойрхон хугацаанд солих болж, намын гишүүд нь удирдлагатайгаа санаа бодлын зөрүүтэй буйгаа ил тод илэрхийлэх болсон. Гэвч намуудын дотоод зохион байгуулалт нь Европын загвараас ихээхэн ялгаатай. Хамгийн зүй зохистой загварчлалаар бол улс төрийн намууд нь нийгмийн улс төрийн хүсэл зорилтыг боловсруулах чухал үүрэгтэй ба өөрийн гишүүд дэмжигчдийн ашиг сонирхлыг төлөөлөх учиртай. Гишүүдийнхээ нийтлэг ашиг сонирхлыг ардчилсан үйл явцаар тодорхойлж, эцсийн шийдвэр гаргах эрхийг гишүүддээ олгодог. Гишүүн бүр ижил эрхтэй мөн үүрэгтэй. Харин Монголын намуудын хувьд гишүүдийн тоогоо нэмэгдүүлэх тал дээр ач холбогдол өгдөггүй ба иймээс ч улс төрийн бодлого боловсруулалт нь нийгмийн бүхий л бүлгийг хамруулан боловсруулагддаггүйд гайхах зүйлгүй. Намын гишүүд намын үйл ажиллагааны агуулга болон бүтэц зохион байгуулалттай холбоотой аливаа шийдвэрт бараг нөлөөлөл үзүүлэх боломжгүй бөгөөд намын шийдвэр гаргах үйл явц бүхэлдээ ил тод биш юм. Намын гишүүдийн хоорондын санал солилцоо дутмаг байдаг тул намууд үйл ажиллагааны хөтөлбөрүүдээрээ өөр хоорондоо тод ялгарах боломжгүй байдаг. Намын удирдлагыг шинээр сонгох, намаас сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргах зэргийн журам нь бүрхэг, үйл явц нь хаалттай хэлбэрээр явагдана. Ялангуяа нэр дэвшигчдийг тодруулах үеэр намын доторх өрсөлдөгчдийн санхүүгийн чадамж ихэнхи тохиолдолд гол шалгуур үзүүлэлт болдог. Үүний зэрэгцээ нийт намуудын гишүүд дунд эрэгтэйчүүд давамгайлдаг бөгөөд удирдлагыг дийлэнхи тохиодолд ахимаг насныхан бүрдүүлдэг. Монголын нийгэмд эмэгтэйчүүд тодорхой хэмжээний өндөр байр суурь эзэлдэг, түүнчлэн нийт хүн амын ихэнхи хувийг залуучууд эзэлдэг зэрэг баримтуудаас үзэхэд намын дотоод бүтцийн энэхүү байдал нь ихээхэн ойлгомжгүй мэт санагдана. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь ахмадуудаа хүндлэх уламжлалт ёс зэрэг үе дамжиж ирсэн соёлын тодорхой зарим онцлогууд юм. Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч нэгэн ярилцлагадаа “ахимаг насны улс төрчид залуучуудаас бага алдаа гаргадаг тул сонгогдох эрх б үхий насны хязгаарыг 40 болгох хэрэгтэй” хэмээсэн нь энэхүү уламжлалт үзэл санаа улс төрд хэрхэн гүнзгий тусгалаа олсоныг харж болох юм. Үүнээс улбаатайгаар УИХ нийт хүн амын бүлгүүдийн олон талт төлөөллийг бүрдүүлэн ажиллах боломжгүй нөхцөлд хүрч байна.

Намууд улс төрийн бодлого боловсруулагчийн үүргээ илүү ухамсартайгаар биелүүлэхийн тулд намын гишүүдээ илүү хүчирхэгжүүлж, тэдний эрх болон үүрэг нь намын дүрэмдээ маш тодорхой тусгагдсан байх хэрэгтэй. Нэн тэргүүнд залуучууд болон эмэгтэйчүүдийг илүүтэй дэмжих ёстой. Гишүүдийн оролцоо нэмэгдэж, тэдний хоорондын хэлэлцүүлэг, зөвшилцөл нь Монголын ардчиллыг хөгжүүлэхийн тулд илүү хүчтэй өрнөх цагт намуудын дотоод ардчилал бий болно.

Оролцоо

Өнөө үед Монгол улсад харьцангуй идэвхитэй иргэний нийгмийн байгууллагууд бий болсон бөгөөд тэд эмэгтэйчүүдийн хөгжил, улс орны ардчиллын бэхжүүлэлт, байгаль орчны хамгаалал болон коммунизмын гэмт хэргийн цагаатгал зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч тэдгээр байгууллагуудын улс төрд үзүүлэх нөлөө тун бага. Иргэний нийгмийн байгууллагууд улс төрийн намуудаас зайгаа барих хандлагатай байдаг нь тэдний улс төр дэх нөлөө тун бага байгаагийн голлох шалтгаан болж байна. Ийнхүү хил зааг тогтоосноороо тэд өөрсдийн нөлөөлөх боломжоо давхар алдаж байна. Ирээдүйд ч улс төрийн намуудын энэхүү тогтолцоо өөрчлөгдөх хандлагагүй тул тэд өөрсдийн байр сууриа бэхжүүлэхийн тулд улс төрийн намуудтай ойртож, хамтран ажиллах шаардлагатай. Хамгийн зүй зохистой загварчлалын дагуу бол иргэний нийгмийн төлөөлөгчид аль нэг намын гишүүнээр элсэж, өөрсдийн ажиллаж буй салбарынхаа асуудалд тус намын анхаарлыг хандуулахын төлөө ажиллаж, намуудад дотоод ардчилалыг бий болгохын тулд ажиллах ёстой.

Улс төрийн бодлого боловсруулахад ерөнхийдөө харьцангуй цөөн тооны иргэд оролцдог. Энэ нь ядуурал, боловсролын түвшин дутмаг, мэдээллийн хаалттай байдал болон төрийн байгууллагуудын мэдээлэл олголт хүртээмж муутай байгаатай шууд холбоотой. Баян болон ядуу давхаргын хоорондын амьжиргааны түвшин ихээхэн зөрүүтэй бөгөөд Монголын улс төрд өөрийгөө төлөөлөх, өөрчлөлтийг авчирах чадвартай нийгмийн дундаж давхарга ихээхэн үгүйлэгдэж байна. Мөн улс төрийн боловсролын түвшин хангалтгүй, төдийлөн чухал гэж үнэлэгдэхгүй байгаа нь байдалд улам сөргөөр нөлөөлж байна.

Герман улсын жишгээр улс төрийн сангуудыг Монголд бий болгох талаар нэлээд эртнээс яригдаж байна. Энэхүү сангууд нь иргэний улс төрийн боловсролыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах учиртай. Ингэснээр мөн Монголын улс төрийн боловсрол олон улсын хандивлагч, хөгжлийн туслалцааны байгууллагуудаас хараат бус болох давуу талтай юм. Ард иргэд амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж, ядуурлаас гарсаны дараагаар улс төрийн оролцоо нь идэвхижих нөхцөл бий болдог. Үүнийг бий болгоход уул уурхайн баялгийн тэнцвэртэй, шударга хуваарилалт маш чухал үүрэгтэй. Иймд Монгол улсын эдийн засгийн тогтолцоонд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх томоохон өөрчлөлтийг бий болгох шаардлагатай байна.

Хараат бус хэвлэл мэдээлэл

Монгол улсад олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бий. Нэг үетэй харьцуулахад сонин, телевизүүд олноор бий болсон боловч, энэ салбарт тодорхой шинэчлэлтүүд хийгдэх ёстой хэвээр л байна. АНУ-ын Фрийдом Хаус ТББ-ын үзэж буйгаар Монгол улс “хагас чөлөөт” хэвлэл мэдээлэлтэй улс орнуудын бүлэгт багтаж байна: Хууль тогтоомжоор хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулж өгсөн боловч гарч буй аливаа мэдээлэлд улс төрийн, эдийн засгийн, удирдлагын болон редакцийн тодорхой цензур тогтоодог жишиг бий болсон. Өнгөц харахад Монголын хэвлэл мэдээллүүд олон ургальч үзэл санаан дээр тулгуурласан, чөлөөт болон хараат бус байдлаар ажилладаг мэт боловч тэднийг санхүүжүүлдэг улс төрч, бизнес эрхлэгчид нь редакцийн чиглэлийг тодорхойлон сууж байдаг. Үүний зэрэгцээ сэтгүүлчид маш бага цалин орлоготой тул мөнгө, хандивын аргаар мэдээний урсгалыг удирдахад маш амархан. Түүнчлэн ажлын байраа алдах айдас, эрх баригчдын хууль зүйн дарамт шахалтаас шалтгаалан сэтгүүлчид өөрсдийн дураар ч мэдээлэлдээ цензур тогтоох нь бий. Олонхи сэтгүүлчдийн боловсрол дутмаг, мэдээллийн чанарын стандарт нэвтрээгүй тул Монголын хэвлэл мэдээллийн салбар ардчилсан нийгэм дэх маш чухал хяналтын үүргээ зөвхөн хязгаарлагдмал хүрээнд л биелүүлж байна.

Гэвч энэ оны эхэнд Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Зөвлөл байгуулагдаж хэвлэл мэдээллийн чанарт хөгжил авчирах эхний алхам тавигдсан бөгөөд энэ зөвлөл өөрийн үүргээ хэрхэн эрх чөлөөт, хараат бус байдлаар бодит амьдрал дээр хэрэгжүүлхийг бид хүлээх л үлдлээ.

Чадварлаг төрийн байгууллага

Жинхэнэ утгаараа хөгжиж буй ардчилсан нийгмийн салшгүй нэгэн хэсэг нь чадварлаг төрийн байгууллага байдаг боловч тэдний үүрэг, ач холбогдлыг дутуу үнэлэх тохиолдол олонтаа.

Монгол улсад захиргааны олон янзын байгууллагууд байдаг ч, тэдний үр нөлөө төдийлөн гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц биш. Төрийн албан хаагчдын эрхийг бүрэн тодорхойлж, хамгаалаагүй байдаг учир засаг солигдох бүрт улс төрийн учир шалтгаанаар доод шатны боловсон хүчнүүд солигдож байдаг. Үүний улмаас захиргааны ажилтнуудыг сургалтанд хамруулах, дахин мэргэшүүлэх ажил үр дүнгүй болж, захиргааны ажил ахиц дэвшилгүй, үндсэн зорилтууд нь хаа нэгтээ замхархад хүрдэг.

Монгол улсын шийдвэр гаргагчид удирдлага, захиргааны ажлыг илүү үр дүнтэй болгох ёстойг хүлээн зөвшөөрдөг. Үүний тулд ч МУ-ын Ерөнхийлөгч Элбэгдорж иргэний танхимуудыг байгуулсан. Иргэний танхимуудаар дамжуулан төр захиргааг нэг цэгт төвлөрүүлж, иргэд өөрсдийн асуудал эсвэл санаачилгыг иргэний танхимаар дамжуулан шийдвэрлэх албадад уламжлах бололцоог олгох зорилготой юм. Гэвч эдгээр иргэний танхимууд захиргааны шинэчлэлт, сайжруулалт, ил тод байдлыг хангах олон санаачлагуудтай уялдан, нэгэн цогц болж ажиллаж чадахгүй байна. Шууд ардчиллыг нэвтрүүлэх алхмуудтай нэгэн адил энэхүү арга хэмжээ ч мөн үндсэн хуульд тусгалаа олох шаардлагатай. Тухайн бүтэц байгууллын үндсэн зорилго, үүргийг хуульчлан баталгаажуулаагүйн дээр, иргэний танхимуудад боловсон хүчин дутагдалтай, тогтмол ажлын цагийн хуваарь байдаггүйн улмаас ялангуяа дэд бүтэц сул хөгжсөн, алслагдмал хөдөө орон нутагт иргэний танхимууд бүрэн утгаараа үйл ажиллагаа явуулж, иргэдийг оролцуулахад саад болж байна. Иймд төрийн захиргааны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалтын ажил цаашдаа ч чухал хэвээр үлдэх болно. Мөн юуны түрүүнд засаг солигдох бүрт боловсон хүчнийг нь халж сольж, мэргэшүүлсэн сургалтын үр дүнг талаар болохгүйн тулд төрийн албан хаагчдыг урт хугацаанд тухайн ажлын байранд нь байлгаж, мэдлэг чадварыг нь хөгжүүлэн захиргааг бэхжүүлэхэд ойрын зорилтууд чиглэх хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ иргэдэд ч мөн өөрсдийн эрх, үүргийн тухай тодорхой мэдээллийг илүү хүчтэй хүргэх хэрэгтэй байна. Иргэд эрхээ хамгаалахаар идэвхтэй зогсож чаддаг болсоноор, түүнийг даган төрийн байгууллагын үйл ажиллагаа ч сайжирдаг.

Дүгнэлт

Дээрх дүгнэлтүүдээс харахад Монгол улс ололт амжилт ихтэй байсан ч, цаашид хийх ёстой ажил олон үлдсэн байгаа нь харагдана. Коммунизм нурж унах цагаас эхэлсэн, ардчиллын хөгжил нийгэмд олон эерэг үр дүн авчирч, Монгол улс олон салбарт бахархал төрүүлэхүйц ололт, амжилт гаргажээ. 25 жилийн өмнө Монгол улс тэгээс эхэлж, ардчилал, зах зээлийн эдийн засгийн ямар нэг туршлагагүй, үлгэр жишээ болох хөрш оронгүйгээр энэ замыг эхлүүлж байсныг эргэн санах хэрэгтэй. Ардчиллын шилжилтийн үйл явц дуусах болоогүй бөгөөд энэхүү шилжилтийн үед эргээд ухрах аюул байнга нүүрлэж байдаг. Олон салбарт ололт амжилт ихтэй ч, хийгдэх ажлууд зурайсаар байна. Хамгийн чухал асуудал бол Монголын улс төрд алсын хараатай, тодорхой стратегийн үр дүнд чиглэсэн бодлогыг суурьшуулах явдал юм. Үүний тулд тодорхой зорилтуудыг боловсруулах шаардлагатай ба энэ асуултын мөн чанар нь Монгол улс 10 болон 20 жилийн дараа ямар дүр төрхтэйгээр зогсож байхыг хүсэж буйд оршино. Нийгмийн ачааллыг тэнцвэржүүлсэн нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгох, төвлөрлийг сааруулах, илүү найдвартай эрх зүйн орчинг бүрдүүлэх, чадварлаг захиргааг төлөвшүүлэх, олон ургальч үзлийг түгээх болон намуудын дотоод ардчилллыг бэхжүүлэх, хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэллүүдийг бий болгох, улс төрийн бодлого боловсруулалтын үйл явцад иргэдийг идэвхитэй оролцуулах гэх мэт хэрэгжүүлэх боломжтой олон зорилтууд байна. Зорилтуудыг ойлгомжтой тодорхойлсноор сүүлийн хэдэн жилд бий болсон улс төрийн хямралаас гарч, Монгол улсын шилжилт өөрчлөлтийн үйл явцыг дахин амилуулах боломж нээгдэнэ. Улс төрийн шилжилтийг эхлүүлснээс хойш 25 жилийн дараа ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлэх нь энэ цаг үед нүдээ олсон хэрэг болно. Энэ давалгаанд улс төр, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллүүд бүгд хамтдаа оролцох шаардлагатай.

Asset Publisher

Parlament Mongolei www.pixabay.com

comment-portlet

Asset Publisher

Энэ цувралын талаар

Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллага нь таван тивийн 70-аад улс оронд өөрийн офистой билээ.

Гадаад улсуудад газар дээр нь ажиллаж байгаа ажилтнууд тус орны эдүгээ онц чухал үйл явдал ба удаан

хугацааны хэтийн төлөвийн талаар шууд мэдээлэл өгнө.

Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллагын вэб хуудсаар үйлчлүүлэгчид „Улс орнуудын тухай тайлан“ буланд

тэдний анализ, цаад шалтгаануудын тухай мэдээлэл ба дүгнэлтүүдийг олж уншиж болно.

 

мэдээлэл захиалга

erscheinungsort

Mongolei Mongolei